Улс төрчдийн шоу: Эцэг хуулийг өөрсддөө эргүүлж "чадахгүй гацав"
2019/08/14
Ард түмнийг төлөөлөн их хуралд суугаа эрхэм гишүүд нь өөрсддөө зориулсан хууль батлаад суудаг болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Тухайлбал, жилийн жилд сонгуулийн өмнө яригддаг нэгэн асуудал бол үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай.
Энэ удаад ч сонгууль болохоос ганцхан жилийн өмнө уг асуудал эрчимтэй яригдсаар Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүд хуулийн төсөл өргөн барьсан юм.
Хэлэлцүүлгийн хоёрдугаар шатандаа орох гэж байхад гэнэт Ерөнхийлөгч өөр нэгэн хуулийн төслийг өргөн барьж, ард түмний дургүйцлийг төрүүлсэн хэд хэдэн заалтыг оруулж ирсэн. Ийнхүү эцэг хуулийг өөрчлөх хоёр хуулийн төслийг нэгтгэж нэг хууль болгох ажлын хэсэг байгуулагдах нь тэр. Гэтэл өнөөдрийг хүртэл хоёр хуулийн төслөө нэтгэж дараагийн шатандаа шилжих болоогүй л байна.
Хоёрдугаар хэлэлцүүлгээр ард түмний санал асуулга явуулахыг эсэхийг шийднэ. Учир нь “Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-т заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх зохицуулалттай. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналыг одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах, зөвшилцөх үүрэг бүхий ажлын багынхан ажиллаж байгаа юм. Тэд Ерөнхийлөгчтэй уулзаж зөвшилцөхөөр болоод буй. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн өөрчлөлтөд УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 108 болгох, сонгуулийн тогтолцоо болон парламентын хугацаа болгох УИХ-ын дарга, дэд даргыг таван жилээр сонгох зэрэг саналуудыг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Ялангуяа гишүүдийн тоог 108 болгох саналыг бүлгийн гишүүд дэмжихгүй байгаа бөгөөд одоогийн 76 гэдэг хувилбар хангалттай гэж үзээд байгаа ажээ.
МАН-ын хувьд, УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гээд санал дэвшүүлээд байгаа. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мажоритор болон пропорциональ тогтолцоогоор явуулна. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг Үндсэн хуулийн 3.1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ. УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно хэмээсэн. Үүнд дээр л нэг саналд хүрч чадахгүй гацаж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоогоо нэмэх асуудал нь маргаан дагуулж байна гэсэн үг юм.
Гишүүдийн болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс дэмжигдсэн хийгээд дэмжигдээгүй саналуудыг хүргэе.
Ерөнхийлөгчийн “татгалзсан” саналууд
Үндсэн хуулийн 13-дугаар зүйлд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно”, мөн “Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна.
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” гэж нэмэхээр тусгасан саналаа татаж авчээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна.
Ерөнхий шүүгчийг нэг удаа улируулан сонгох Ерөнхийлөгчийн санал дэмжигдэв
УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоо, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.
Шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохыг хасав
Тэгвэл Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хуульд шүүгдэд тавих шаардлагыг хасах саналыг УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд тусгагдсанаар үлдээхээр болжээ. Тодруулбал, гишүүдийн санаачилсан төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Харин гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хассан байна.
иргэн · 2019/08/14
Энэ 76 бишээ.