Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөж байгаа билээ. Тэгвэл уг хуулийн өөрчлөлтөд орохоор дэмжигдэж байгаа саналуудыг хүргэж байна. 

Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох саналыг Байнгын хороо дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн 50 нас хүрсэн, нэг удаа таван жилээр сонгогдоно, сүүлийн зургаан жил эх орондоо амьдарсан хүн байх ёстой гэх зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нар гаргаж, уг саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байна. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 59 нь буюу 92.2 хувь нь дэмжлээ. 

Мөн УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.” гэж өөрчлөн найруулахаар тусгасаныг хуралдаанд оролцсон гишүүдийн  86.4 хувь нь дэмжив.

Төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөн найруулах саналыг 86.4 хувиар дэмжсэн.

Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно. Төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс санал гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байна. 

Энэ саналтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан гол асуудлын нэг нь хотын асуудал гээд Эрдэнэтэд амьдарч буй 100 мянган иргэн хот гэж нэрлүүлэх, ингэхдээ зөвхөн нэр төдий биш захиргаа, удирдлага, төсвийн өөрийн гэсэн статустай болохыг хүсэж байгааг уламжилсан. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Өнөөдөр 330 сумын төв хүн амын төвлөрөл үүссэн хэрнээ хот нийтийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэггүй, төсөвгүй. Цаашид бид бусад суурин соёл иргэншилтэй орны жишгээр хөгжье гэвэл хот, тосгодод тодорхой эрх мэдлийг шилжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг өгөх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Засаг захиргааны чиг үүргийг орон нутаг руу шилжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Сэлэнгэ аймгийн хувьд 17 сум, зургаан тосгонтой. Түнхэл тосгон гэхэд 3044 хүн амтай, Номгон тосгон 2000, Бэрх тосгон 3000 гаруй хүн амтай. Энэ мэтчилэн хүн амынх нь төвлөрөл бусад аймгийн сумуудтай адилхан. Тосгодын иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл их гардаг. Түнхэл тосгонд хүн нас барлаа гэхэд заавал ч үгүй  23 км явж байж нас барсны гэрчилгээг нь авдаг. Суман дахь төрийн үйлчилгээг тухайн тосгоны иргэд адилхан хүртэх ёстой. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг бид зайлшгүй энэ өөрчлөлтөөр засах ёстой гэв.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжлээ.