Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, нэхэмжлэлд допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурьджээ.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.  Тэгвэл долоо хоногийн хугацаа өнөөдөр дуусч байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн  бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гарсан байна.

Энэ нь шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй  байгаа тул тодруулах шаардлагатай гэж үзсэн гэсэн үг юм. 

Хэрвээ шүүхээс захиргааны хэрэг үүсгэх юм бол нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэнэ. Хэрвээ хэрэг үүсгэхгүй бол асуудлыг хэлэлцэхгүй орхих юм.