“Фаунд таун” ресторанаас өдрийн хоол нийлүүлдэг “Уудам Монгол” ахлах сургуулийн 14 сурагч хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13-р хороо, "Цэцээ гүн" сургуулийн байранд байрлах "Уудам Монгол" эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ.

Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна. БЗД дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллажээ.

"Уудам Монгол" сургуульд энэ сарын11-ний өдөр өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет олгогдож, нийт 103 сурагч, 9 багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”Фаунд таун” ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогдлоо.

Хяналт шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн 4 хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн байна.

Шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.