ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудал 2018 оны дөрөвдүгээр сард хэвлэлээр бичигдэж байв. Тухайн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Би худлаа зүйлд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй, тэр бичсэн сэтгүүлчээсээ асуу. Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй” хэмээн тайлбар өгч байсан ч энэхүү асуудал дахин сөхөгдлөө. Тодруулбал,УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр сэтгүүлчдийн форумд оролцох үеэрээ цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг тагнаж, чагнаж ажиллагаа явуулсан тухай онцлоод, сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ТЕГ-т албан бичиг өгсөн хэмээн мэдээлсэн юм.Харин энэ асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдийг тагнасан, чагнасан ямар нэгэн асуудал огт байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.