Монголын Хэл Хуурчдын Анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө
2024/05/08
Монгол угсаатан Хэл Хуурчдын Холбооноос санаачлан тавдугаар сарын 6-ны өдөр Монголд анх удаа Хэл Хуурчдын Анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө.
Уг чуулганыг МУ-ын Соёлын Яам бодлогоор дэмжиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, Соёлын Өвийн Үндэсний төв, Түмэн эх чуулга, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин ажилласан бол ивээн тэтгэгчээр “Хүрэл өв” урлан, EV брэнд, ундаа, усны худалдаа эрхлэгч “Гоё санаа” ХХК-ийн “Дааяо” ундаа, Үндэсний уламжлалт таван цулын FOOD LAB брэнд, үндэсний ноосны ууган үйлдвэрийн Mongol Textelle брэнд, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр МҮОНРТ, Монголын Сайтын Холбоо нар хамтран ажиллажээ.
Чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох алсын харааг тогтоохыг зорьсон бөгөөд олон сонирхолтой мэдээлэл мэдлэг олгох илтгэлүүд тавигджээ.
Тодруулбал, СББӨ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмон "Соёлын биет бус өвийг хамгаалах хууль эрх зүйн орчин, бодлого арга хэмжээ" сэдвээр олон чухал мэдээллийг өгсөн юм. МУ-ын төрийн туульч, Хэл хуур судлаач, доктор, МУСГЗ Э.Баатаржав "Хэл хуурын гарал үүсэл, далд орон зай" сэдвээр сонирхолтой илтгэлийг тавив.
Түүнчлэн "Олон улс дахь хэл хуурын нэршил ба хэл хуурын ангилал, түүхэн хөгжлийн асуудал” сэдвээр Угсаатан хөгжим судлаач Д.Ганпүрэв,
“Эх - хэл хуурын утга холбогдол” сэдвээр Урлаг судлаач, хөөмийч, доктор МУСТА Ч.Баяржаргал, "Хөөмий, хэл хуурын хамсраа ба сургалт -хөгжлийн асуудал” сэдвээр СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Урлаг судлалын секторын эрхлэгч М.Амаржаргал,
"Аман авиан урлаг - хэл хуурын гарал үүсэл" сэдвээр Ерөөл магтаалч, Өвлөн уламжлагч, МУ-ын Гавьяат жүжигчин Г.Явгаан нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Чуулганаар Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооныхоо хэтийн зорилго, зорилтыг хэлэлцэж, Монголын Хэл хуурчдын Үндэсний наадмыг жил бүр Соёлын яамны бодлогын ажлын хүрээнд зохион байгуулж байх санаачлагыг ажил хэрэг болгох гэх мэт олон чухал асуудлыг хөндсөн юм.
Хэл Хуурчдын Анхдугаар чуулган цаашид жил бүр зохион байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, гадаад харилцаагаа тэлж, өвлөн уламжлагчдаа дэлхийд гаргах зорилго тавихаар тогтлоо.
Дашрамд дурдахад, 2024 оны 8 дугаар сард хэл хуурчдыг чадавхжуулах, тэдгээрийг таниулан сурталчилж, өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр Монгол улсын хэмжээнд шилдэг хэл хуурчдыг шалгаруулах Анхдугаар тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид хэл хуурын урлагийг үндэсний брэнд болгон хөгжүүлж, хэл хуурчдыг болон өвлөн уламжлагч нарыг мэргэжлийн хөгжимчний статустай болгох замаар хэл хуур хөгжмийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийг чиглэл болгох аж.
Мөн ирэх 2025 онд Япон улсад зохион байгуулагдах Дэлхийн хэл хуурчдын 10 дугаар фестивальд Монгол Улсынхаа шилдэг хэл хуур тоглооч, урлаач нарыг оролцуулах, 2026 онд Монгол улсад 160 улсын оролцоотой хэл хуурч, урлаач нарын чуулган, олон улсын уралдаан, наамдыг зохион байгуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр олон ажил, арга хэмжээг төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар зэхэж байна.
Зочин · 2024/05/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh