Н.Дамдинсүрэн: Ерөнхийлөгчийн ХОМ-т хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй
18 минутын өмнө

АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.
АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн “Авлигын эсрэг хуульд заасны дагуу АТГ нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийдэг. 2026 оны аравдугаар сарын байдлаар 155 нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаснаас 55 тохиолдолд худал мэдүүлсэн, эсвэл огт мэдүүлээгүй зөрчил илэрч, хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 76 хувиар өссөн үзүүлэлт юм.
Шалгалтын дүнгээр Ерөнхийлөгч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын гол зорилго нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг илрүүлэх, мэдүүлээгүй хөрөнгийг тогтоох, тухайн хөрөнгийн эх үүсвэрийг нягтлан шалгахад оршдог.
Мөн энэ онд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, өөрийн хөрөнгө орлогын эх үүсвэрээ нотолж чадаагүй таван албан тушаалтны 117 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хандан ажиллаж байна. Энэ чиглэлийн хяналт шалгалт цаашид ч үргэлжилнэ” гэв.
Мөн тэрээр сүүлийн үед олон нийтийн анхаарал татсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн (ХОМ) талаар тайлбар өглөө.
Тэрээр “ХОМ-ын хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр хэлбэрээр явуулдаг. Төлөвлөгөөт шалгалтыг эрсдэл бүхий албан тушаалтнуудад хийдэг бол төлөвлөгөөт бус шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу явуулдаг.
2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотойгоор иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтыг сүүлийн таван жилийн хугацаанд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хамруулан явуулсан бөгөөд шалгалтын дүнгээр мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн” гэлээ.






