Э.Бат-Үүл: Ардчилсан нам засагт хамтарвал Ерөнхийлөгчийн сонгууль жүжиг болно
14 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан намыг засагт хамтарна гэсэн яриа их гарч байна. Энэ талаар та сошиал орчинд байр сууриа илэрхийлсэн байсан. Үнэхээр ийм яриа, тохироо яваад байна уу?
-Ямар ч байсан эх сурвалжид ойрхон зарим нэг сэтгүүлчийн зүгээс ийм мэдээлэл гаргаад байгаа юм.
Нэлээд судалгаа сайтай сэтгүүлчдээс гараад байгаа учраас магадлалтай юм болов уу гэж би хардаад байна. Үнэхээр ийм зүйл болбол арай л хэтэрсэн зүйл болно л доо. Байж боломгүй тэнэглэл.
-Яагаад?
-МАН чинь саяхан дотоод тэмцлээсээ болоод хамаг булайгаа ард түмэнд дэлгэж харуулсан биз дээ. Энэ нам сонгогчдын итгэл найдварыг биелүүлж чадахгүй, улс орныг сүйдлэх юм байна. Тийм учраас МАН-ыг дахиж сонгохгүй гэсэн зүйл нийгэмд маш хүчтэй давлагаалж байна. Ийм үедээ манайхантай хамтарч, өөрсдийгөө аврах арга сүвэгчилж байна уу л гэж харж байгаа.
-Та энэ талаар намынхаа дарга, удирдлагуудаас асуусан уу?
-Сэтгүүлчдийн гаргаж тавиад байгаа мэдээлэлд үндэслэж л би цахим орчинд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Намынхаа удирдлагуудыг байр сууриа нийтэд ил тод илэрхийлэх ёстой гэж ийм үйлдэл хийсэн.
Тийм болохоор л намынхаа гишүүдэд ил тодоор хандсан. Тийм зүйл байхгүй гэвэл сайн л биз, өөр зүйл байхгүй.
-Танай намын УИХ дахь намын бүлгийн шинэ даргыг болон зарим гишүүнийг Ерөнхийлөгчийн талын хүн гэсэн яриа гарсан. Тэгэхээр засагт хамтарна гэсэн яриаг танай намаас гаргаад байна уу. Эсвэл эрх баригч намаас гаргаад байгаа юм болов уу?
-Эх сурвалж сайтай хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид тийм мэдээлэл гаргаагүй бол би тийм пост бичихгүй байлаа. Харин янз бүрийн нэр хаяггүй газраас ийм мэдээлэл гарсан бол үнэмшихгүй шүү дээ.
-Танай намынхны заримыг нь “Ерөнхийлөгчийн талынхан” гээд байгааг юу гэж бодож байна вэ?
-Би үнэндээ тэднийг хоорондоо ямар хамааралтайг мэдэхгүй. Цахим орчинд явж байгаа олон цуурхал байгаагийн нэг нь гэж ойлгож байна. Гэхдээ энд нэг зүйл хардлага төрүүлээд байгаа юм.
-Тэр нь юу вэ?
-МАН-ын үйл ажиллагаанд маш их шүүмжлэлтэй, хатуу байр сууринаас ханддаг Х.Тэмүүжин гишүүн бүлгийн даргын сунгаанд ялагдлаа шүү дээ. Оронд нь миний мэдэхээр бүлгийн даргад нэр нь дуулдаж байгаагүй Б.Түвшин гишүүн гараад ирсэн. Миний хувьд Х.Тэмүүжин л болох юм байна гэж бодож байсан. Яагаад гэхээр манай нам чинь сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг идэвхжүүлнэ гээд байгаа. Ордоны улс төрөөс холдоно гээд намын даргаас эхлээд хэлээд байгаа шүү дээ. Б.Түвшинг мэдэхийн хувьд хэлэхэд сөрөг хүчний лидер байж чадахгүй хүн байхгүй юу.
-Яагаад?
-Яагаад гэхээр их технократ сэтгэлгээтэй хүн. Тийм учраас сөрөг хүчний дуу хоолой болж чадахгүй гэж би хувьдаа бодож байна.
-Таны хувьд хамтрахаар болчихвол гишүүдээ уриалаад “үзэлцэнэ” гэсэн байсан. Үнэхээр ийм зүйл болбол яана гэсэн үг вэ?
-Миний чадах зүйл бол тэмцэхийг л уриалах шүү дээ. Хамтрах юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д өгсөн наймаалцал гэдэг нь тодорхой болно. Засагт хамтарчихаад яаж өрсөлдөх юм. Үүн шиг худлаа сонгууль хаана ч байхгүй. Сонгууль биш, жүжиг болж хувирна. Өөрөөр хэлбэл “МАН-ыг аврах үйл ажиллагаа” болно. Сөрөг хүчний дуу хоолой өнөөдөр сулрах тийшээ болчихлоо. Б.Түвшинг бүлгийн дарга болсноор ийм л байдал бий болчихлоо гэж би хараад байгаа юм. Зэрэгцээд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй байж магадгүй гэсэн зүйл ч яригдаж байна.
-Нээрээ тэгж байгаа. Ямар учиртай юм бол?
-Ер нь Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх бүрэн эрхээ хамгаалах асуудал маш чухал болчихоод байна. Хэн нэр дэвшихийг өөр газраас зааж, хамгийн боломжтой хүмүүсийг нь сонгуульд оролцуулахгүй гэдэг арга өмнө нь их явсан. Үүний гайг бид амсахаараа нэг боллоо. Хэрвээ бидний нэр дэвшилтийг хязгаарласан үйл ажиллагаа ил далд явах юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж болохгүй. Үүнийг би өмнө нь ч хэлж байсан. Н.Алтанхуяг, Л.Гантөмөр гээд нэр дэвших хэнийг нь ч байсан хөндлөнгөөс оролцож нэр дэвшүүлэх замыг нь хаавал бид Ерөнхийлөгчийн сонгуульд орж болохгүй. Яагаад гэхээр МАН Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж авч байгааг хууль ёсны болгочихно гэсэн үг. Ийм зүйл чинь дэлхийн ардчиллын олон оронд гашуун туршлага болчихлоо. Ялангуяа шилжилтийн гэгддэг орнууд ингээд л дарангуйлал руу халтирсан. Тэгэхээр Ардчилсан нам сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх онц бүрэн эрхээ хамгаалах нь маш чухал. Манай нэр дэвшигчдийг элдвээр гутааж унагаад, зааж өгдөг байдлыг бид тэвчиж явж болохгүй. Ардчилсан нам оролцоогүй Ерөнхийлөгчийн сонгуулиар гарсан хүнийг бид хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхгүй байх ёстой.
-Ерөнхийлөгчийг орлогоо нотол гээд Хотын дарга асан Х.Нямбаатар яриад байгаа. Дахиж Ерөнхийлөгч болох гэж байна ч гэж ярих юм. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Би нэг зүйлийг тогтмол хэлж байгаа. Х.Нямбаатар үнэхээр л асуудлыг тавьж байгаа бол өөрийн биеэр эх орондоо ирээд, хууль хяналтын байгууллагад шалгуулаад явах хэрэгтэй. Өмнө нь яагаад яриагүй юм. Бие биенийхээ хэргийг нуун дарагдуулсан бол хам хэрэгтнүүд шүү дээ. Парламентын ардчиллын түүхэнд ийм байдал бий болж байгаагүй. Та бүхэн анзаарах хэрэгтэй. МАН-ынхан чинь хам хэрэгтнүүд бие биенийхээ хэргийг илчилж байгаа юм шиг зүйлийг байнга гаргаж байна. Тэгсэн хэрнээ баримт болгоод гаргачихаж бас болохгүй. Ерөнхийлөгч орлогоо худлаа мэдээлэх ёсгүй. Тийм бол хариуцлагаа хүлээнэ. Ер нь бол хуулиа сахин биелүүлэх хэрэгтэй. Хуулийнхаа хүрээнд хэрүүлээ хий. Монголын хууль аль алинд нь боломж олгосон байгаа. Ерөнхийлөгч орлогоо нотлох, Х.Нямбаатар хам хэрэгтэн биш бол түүнийгээ нотлох боломжтой.
-Та хуулиараа л явах тухай сануулж байна. Гэтэл Ерөнхийлөгч маань өнгөрсөн хугацаанд нэг ч удаа тайлангаа тавиагүй гээд л яриад байна шүү дээ. Энэ хуулийн зөрчил мөн үү?
-Хуулиар заачихсан байхад яагаад УИХ тайланг нь нэхээгүй юм. Өөрсдөө хууль хэрэгжүүлдэггүй. Дур нь хүрвэл хуулийн заалт яриад, бие биетэйгээ хэрүүл хийдэг. Хуулиараа Ерөнхийлөгч тайлангаа тавих ёстой. Гэтэл яагаад үүнийг нь өдий болтол УИХ шаардаагүй юм. Ямар нэгэн улс төрийн зодоон болохоор л ийм зүйл ярьж байна. Ингээд яриад байвал үнэхээр “далай, далай”.
-Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ямар байх ёстой гэж үзэж байна вэ?
-Хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа хүрээнд эхлээд сонгуулиа явуулчих хэрэгтэй. Гэхдээ энэ сонгуулийг хуйвалдааны байдал руу оруулж болохгүй. Сонгууль шударга явах ёстой.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн намынхныхаа хэнийг нь дэмжиж байгаа вэ?
-Би хэн нэгнийг нь дэмжиж байгаа тухай яриагүй. Харин Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх онцгой бүрэн эрхээ хамгаалах ёстой л гээд байгаа юм. Энэ бол намд байдаг дархан эрх нь шүү дээ. Миний ойлгож байгаагаар МАН өөрсдийгөө аврахын тулд ямар ч юм хийхэд бэлэн байна. Аврах ганц арга Ардчилсан намыг “Хөнжилдөө оруулж авах” шүү дээ.
-Арай ч танай нам тэгээд хөнжилд нь орчихгүй байлгүй дээ?
-Би нэг л зүйл дээр санаа зовоод байгаа юм. Өөрсдийнхнийгөө арай ч ингээд галзуурчихаагүй байлгүй дээ гэж бодож байна. Гэхдээ зарим нэг үйл явдал, сөрөг хүчнийхээ ажилд хариуцлагагүй хандлага байна. Хаа байсан хавар л Засгийн газрыг огцруулах гарын үсэг зуруулсан гэсэн. Гэтэл хаана байна. засгийг огцруулна гэсэн хүмүүс чинь сайдаа цөөл ч гэх шиг. Энэ одоо юу болоод байна. Сүүлдээ Засгийн газрыг огцруулбал УИХ тарах нь ээ ч гэх шиг юм яриад байна. Бид чинь уг нь аль хавар гарын үсгээ цуглуулчихсан хэрнээ одоо засгаа өмөөрөх маягтай юм яриад байгаа юм.
-Гарын үсэг цуглуулчихсан хэрнээ өргөн барихгүй байгаа нь танай намын удирдлагуудад эрх ашиг байгаа юм биш биз дээ?
-Үнэнийг хэлэхэд, би үүн дээр ойлгож хариу өгч чадахгүй байна. Гайхаад л сууж байна. Засгийн газрыг огцруулна гэж шийдчихээд дараа нь жаахан цомхон байгаад өгөөч. Та нарыг огцруулчихаар УИХ тарчих гээд байна гээд яриад сууж байдаг улс төрийг би лав мэдэхгүй. Огцруулна л гээд л үндэслэлээ олон нийтийг уяртал гаргаад байсан. Гэтэл одоо яачихсан юм. Тийм болохоор би сайн ойлгохгүй хардаад л сууж байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ






