Урд хөршөөс гаралтай корона­вирусийн халдвараас хүүхэд, залуусаа хамгаалах үүднээс Монголын боловсролын салбар танхимын сургалтаас “гэр сургууль” руу шилжээд хоёр долоо хонож байна. Харин шилдэг гэж үнэлэгдсэн багш нарын телевизээр зааж буй хичээлийг хүүхэд багачууд хэр ойлгож, хүлээн авч байна вэ гэдэг нь хамгийн чухал.

Хагас сар гэдэг дээрх асуултад эхний байдлаар хариулт өгөх хангалттай хугацаа. Сурагчид болон эцэг эхчүүдэд “гэр сургууль” зарим талаараа таалагдаж байгаа ч заах арга зүй болон хичээлээ хүүхдүүдэд хүргэж буй байдалд “нэг л тааруу” гэсэн дүн өгөх нь ч байна. Монголын өргөн нэвтрүүлгийн 13 сувгаар хүрч буй теле сургалт нэг хичээл нь ангиасаа хамаарч 15­20 минутын хугацаанд үргэл­жилж буй. Гэвч танхимын сургалт, онлайн хичээл гэдэг ондоо бөгөөд, самбарт хичээл зааж буй багшийн бичлэгийг телевизээр шууд хүлээн авч буй хүүхдийн төвлөрөх болон хүлээн авах чадвар өөр байдаг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд харагдаж эхлэв. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэдээлс­нээр Монгол Улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч теле хичээлийг хүлээн авч, сурч байгаа. Харин тэдний хэдэн хувь нь хичээлдээ төвлөрч, агуулгаасаа хоцрохгүй сурч чадаж байна вэ гэдэг эргэлзээтэй. Энэ хэвээрээ явсаар анги дэвших шалгалтдаа орвол тааруу дүн авах магадлал өндөр байгаа аж. Учир нь хүүхдүүдэд онлайн хичээлийг танхимын сургалтын арга барилаар зааж байгаа нь хичээлээ ойлгохгүй, төвлөрч чадахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна гэхэд болно. Уг нь онлайн сургалт хурдан хугацаанд өргөн цар хүрээтэй мэдээллийг хүргэж, дижитал арга хэрэгслүүдийг ашиглан ямар ч үед хаанаас ч суралцах боломжтой учир хурдацтай ахиц дэвших давуу талтай байдаг. Гэвч Монголын 640 мянган хүүхдийн сурч буй онлайн сургалттай холбоотой эцэг, эхчүүдийн шүүмжлэл, хичээл заах, нэвтрүүлэх, түгээх арга барил зэргээс Монгол Улсын боловсролын систем дэлхий нийтийн хөгжлөөс хоцрогдож, эзэмшүүлэх арга барил, онцгой үед авах арга хэмжээнд бэлэн биш гэдгийг харуулж байна.Тухайлбал, коронавирусийн аюул ноцтой хэмжээнд хүрээд буй БНХАУ-­ын бага, дунд ангийн сурагчид видео хостингийн Youku сайтаар дамжуулан хичээлээ зааж, тус улсын боловсролын хамгийн том хувийн компани болох New Oriental Group, англи хэлний сургалтын VIPKid платформоо онцгой нөхцөлд нийцүүлэн үнэ төлбөргүй ашиглуулж, хичээлүүдээ цахимд байрлуулсан байна. Энэ нь ч үр дүнтэй байгаа аж. Гэтэл манай улсад энэ нөхцөлд хэрэглэх платформ битгий хэл, цахим хичээлийн стандарт, арга зүйн, журам ч гэж алга. Өнөөдөр зааж буй цахим хичээлийн арга барил таван жилийн өмнөхөөс сайжраагүй байгааг энгийн интернэтийн хайлтаар мэдэх боломжтой. Хэдийгээр сурагчид теле хичээлд хамрагдаж байгаа боловч багш нарын заах арга барил, хөтөлбөр нь танхимын сургалтын хэв маягтай, хичээлээ бодит бус орчинд хүлээн авч буй суралцагчийн сонирхлыг огт татахгүй, үр өгөөжийн хувьд харьцангуй сул байна. Телевизээр заасан хичээлийн видеог интернэтэд байршуулж, сурагчид давтан үзэж байгааг онлайн хичээлд тооцоход тун хангалтгүй, зүгээр л нэг бичлэг үзүүлж байна гэхэд болно.

Технологийн дэвшлийг нэвтрүүлсэн бэлэн систем байна

Дижитал шилжилт бүх л салбарт амжилттай хэрэгжиж буй. Энэ дэвшлийг боловсролын салбар ч ашиглаж болно. Угаасаа үүнд зориулсан сургалтын цогц программ хангамжууд аль хэдийн бий болж, улам хөгжсөөр байна. Дэлхийн олон орон энэ системийг боловсролын салбартаа амжилттай нэвтрүүлж, үр өгөөжийг нь хүртээд буй. Манайд ч тийм боломж бий бөгөөд, мэдээлэл технологийн “Амжилт” “Интерактив” зэрэг ху­вийн хэд хэдэн компани энэ төрлийн платформыг хөгжүүлсэн байна. “Амжилт” компанийн хувьд “Амжилт 2.0 сургуулийн цогц систем”­-ээ 2015 оноос хойш хөгжүүлж, өдгөө хувийн хэвшлийн ерөнхий боловсролын найман сургууль, хоёр их сургуульд амжилттай нэвтрүүлсэн аж. Энд дурдагдаад буй цахим системийг нэвтрүүлсэн сургуулийн сурагчид карантин тогтоосон өнөө үед ямар нэг агуулгын зөрөөгүйгээр хичээлээ үргэлжлүүлэн судалж буй бөгөөд тухайн хичээлийн багштайгаа шууд харилцаж, ирц бүртгэл, гэрийн даалгавраа хянуулах, мэдлэгээ бататгах боломжтой аж. Хувийн сургуулиудаас гадна энэ дэвшлийг нэвтрүүлсэн улсын сургууль ч бий. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль AR буюу нэмэлт бодит байдлын технологи ашиглаж, Эрүүл мэндийн хичээлийн үеэр хүний эрхтэн тогтолцоо үзэж буй бол тухайн хэсгийг бодит мэтээр харуулах, Газар зүйн хичээл гэхэд зааж буй газар орныг бодитоор харуулах, амьтдын дүрс, дуу авиаг нь сонсгох гэх мэтээр боловсрол эзэмшүүлэх арга барилаа сайжруулж, дотоод хяналтын цахим системээ 2008 оноос хойш тасралтгүй хөгжүүлж байна. Мөн “Цахим сургалт, удирдлагын” системийг нэвтрүүлж, сургалтын чанар сайжирч, сурагчид хоцрогдлоо нөхөх, хичээлдээ илүү идэвхтэй болох, багшийн ачааллыг бууруулах зэрэг дэвшилд хүрчээ. Тус сургуулиас Боловсролын яам өнгөрсөн хугацаанд 11 удаа туршлага судалсан гэдэг.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин