Коронавирусийн халдвараар зөвхөн хөгшид, дархлаа сул хүмүүс өртөх юм байна гэж хайнга хандахгүй байхыг ЭМЯ-наас залуучууддаа хандан зөвлөлөө. 

Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд 3500 хүн авч тусгаарласан. Одоогоор 2126 иргэн ажиглалтад байна. 24 цагийн дотор  Дархан-Уул аймагт хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Зам-Үүд дээр 33 иргэн ирж тусгаарлагдлаа. Тусгаарлагдах байруудад нийтдээ 309 эмч, мэргэжилтэн, ажилтнууд ажиллаж байна. Тусгаарлагдах байруудын бэлэн байдлыг хангах ажилд бэлтгэлээ базаалаа. Ялангуяа тусгай үүргийн онгоцоор иргэдийг авч ирэх шийдвэр гарвал хэрхэн ажиллах вэ гээд бэлэн байдалд байх хэрэгтэй. Ингээд бид сувилал, амралт, зочид буудал, их, дээд сургуулиудын дотуур байр, МСҮХ оюутны дотуур байр гээд судалгаа хийж 21 мянган иргэнийг хэрхэн  тусгаарлаж, 5 мянгаа орыг хаана, хаана дэлгэх вэ гэдэг судалгаа, бэлтгэлээ хийсээр байна.

Галт тэргэнд зорчиж байгаа хүмүүст 2-3 удаа биеийн халууныг хэмжиж байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: Стамбул-Улаанбаатар чиглэл ирсэн 221 иргэний шинжилгээний хариу гарч дууслаа. Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд 800 мянган төгрөгийг халдвартай нэг хүнд зарцуулж байна. Нэг хүн дээр 7 эмч, мэргэжилтэнтэй бага ажиллаж байгаа. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 184 хүн хянагдаж байгаа юм.

Ингэснээр манай улсад халдвар авсан хүний тоо 11 болж, өслөө.