• Тансаг хэрэглээний зах зээл агшиж байна
  • Энэ оны хувьд 3-4 мянган тонныг үндэсний үйлдвэрүүд авахаар тооцжээ

Эдийн засгаа дэмжих үүднээс Засгийн газар ноолуурын бэлтгэлд зориулж 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоо мэдэгдсэн. Ямаа самнах цагаар яах аргагүй нүдээ олсон дэмжлэг энэ. Ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах гэсэн төрийн оролдлого. Гэхдээ ноолуурын үнийг засаг биш зах зээл л тодорхойлно. Үндэсний үйлдвэрүүдэд дээрх мөнгөөр хөнгөлөлттэй зээл олгох гэж буй. Гэвч салбарын сайд нь ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс доош буулгахгүй гэж мэдэгдсэн нь малчдын дунд хүлээлт үүсгэжээ. Нөгөө талдаа түүхий эдээ бэлтгэх гэсэн дотоодын үйлдвэрлэгчдэд энэ нь томоохон дарамт авчраад байна. Сайдын үгийг зах зээл дэнсэлнэ.  Ноолуурын нөөц бүрдүүлэхэд 300 тэрбум төгрөг хангалттай их мөнгө биш. Гэхдээ нэмэр болох нь дамжиггүй. Дэлхий нийтээр тансаг хэрэглээний зах зээл агшиж, аялал жуулчлалын салбар хумигдаж байна. Манай улсыг зорин ирэх жуулчдын тоо энэ онд эрс багасаж, ноолууран бүтээгдэхүүний борлуулалт сайнгүй байх нь. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид хүндхэн байдалд орж болзошгүй байна. Ноолууран бүтээгдэхүүний томоохон худалдан авагчид нь жуулчид төдийгүй гаднын зах зээл байдаг. Бүсээ чангалж буй дотоодын иргэдийн хувьд хямралаар ноолууран бүтээгдэхүүн худалдан авахаас илүү мах, гурил гээд өдөр тутмын ахуйн хэрэгцээ болсон хоол хүнсээ хангахыг чухалд тооцно. Ноолуур стратегийн түүхий эд боловч өнөөдрийн нөхцөл байдал бүхнийг өөрчилж байна. COVID-19 вирусийн тархалтаас үүдэн ноолуурын салбарын идэвхжил дэлхий даяар бүхэлдээ саарах болов. Эрэлт байхгүй бол нийлүүлэлт хийх боломжгүй. Дотоодын үйлдвэрлэгчид энэ онд худалдан авсан ноолуурынхаа 20 хувийг нь угааж, 40 хувийг самнаж, үлдсэн 40 хувиар нь 2.4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. 2.4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүний борлуулалт хэр байхыг хэлж мэдэхээргүй нөхцөл байдал өнөөдөр үүсэж байна. Үүнээс гадна ноолуурын салбар дэмжлэг үзүүлэх нь малчдаа төдийгүй үйлдвэрлэгчдээ аврах боловч байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг дурдахгүй өнгөрч боломгүй. Мал сүргийн бүтцэд зонхилох ямааны тоо толгойг төр угтаа дэмжсээр. Бэлчээрийн даац хэтэрч, хомсдол нүүрлэсээр байгаа бус уу. Ноолуурын салбарт 300 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосонтой холбогдуулан бусад салбарынхан ч мөн адил яагаад бидэнд байдаггүй билээ гэх барьцах хандлага гараад эхэлсэн. Хөдөө аж ахуйн бирж энэ сараас ирэх сар хүртэл ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа орон нутагт зохион байгуулахаар төлөвлөж байсан ч үүнийгээ хойшлуулж байна.

Манай улс жилд 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Энэ оны хувьд үүний 3-4 мянган тонныг үндэсний үйлдвэрүүд авахаар тооцсон. Ноолуурын дундаж ханш өнгөрсөн онд 127 мянган төгрөг болж өссөн бол. 2020 оны хувьд үүнээс илүү гарах эсвэл буурах ч эрсдэлтэй бөгөөд зах зээл л эцсийн хариулт өгөхөөр байна. Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг бүрдүүлж ирсэн. Хөдөө аж ахуйн биржийн зүгээс ноолуураа бодит үнэ тогтох хүртэл хадгал гэж малчдад урилах болов. Нөгөөтэйгүүр малчид ноолууртай залгаж байж мөнгөтэй болдог.

эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин