Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл эхлүүлэхгүй байж, бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна.

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна. 

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах төдийгүй тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартер нислэгээр авч ирэх талаар ярилцаж байгаа юм байна.

Ингэхдээ тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж шийдвэр гаргах бөгөөд маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нөхцөл байдал амаргүй байгаа тул иргэд амны хаалтаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахих нь чухал гэдгийг анхаарууллаа.