Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр "ХӨСҮТ болон Дарханд 209 шинжилгээ хийсэн. Эдгээрт коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.

Мөн гурав дахь шинжилгээгээр Москвагаас ирсэн оюутнаас коронавирус илэрлээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 9 болж нэгээр нэмэгдсэн.

Франц иргэний биеийн байдал сайн байгаа" гэв.

Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдэж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

 “ОХУ тэр дундаа Москва хотод өвчлөл нэмэгдэж байна. ОХУ-д өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэд дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор гадуур их явах мөн улирлын томуугийн шинж тэмдэгтэй андуурч өвчнөө хүндрүүлж байна.

Монголд 119 дугаартай утас 24 цагаар ажиллаж байгаа. Гадаадын зургаан улсаас монгол иргэд зөвлөгөө авсан. Энэ дундаас Монгол Улсын нэг иргэн нэмж коронавирусийн халдвар эерэг гарсан байна. Гэхдээ тухайн иргэний өвчлөл хөнгөн хэлбэртэй байгаа тул гэрээр эмчлүүлж байгаа.

Манай улсын хувьд 743 хүн ажиглалтад байна” гэлээ.