Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
48 минутын өмнө

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 8 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар өнөөдөр /2026.09.15/ танилцууллаа.
Тэрээр инфляц наймдугаар сард улсын хэмжээнд 12.5 хувьтай гарсныг мэдээлэв. Инфляцын өсөлтийг бүлгээр нь авч үзвэл барааны үнэ 13 хувь, үйлчилгээний үнэ 10.9 хувиар өссөн байна.
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ. Тухайлбал, хүнсний бараа, ундаа, усны үнэ жилийн хугацаанд 21.5 хувиар өссөн нь инфляцад хамгийн өндөр нөлөө үзүүлсэн байна.
Мөн согтууруулах ундаа, тамхины үнэ 14.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 7.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.4 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 8.9 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.1 хувиар өсжээ.
Түүнчлэн тээврийн бүлгийн үнэ 11.2 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 7.7 хувь, боловсролын үйлчилгээ 17.4 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 16.4 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 17.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Харин холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.6 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.






