Улстөрийн намууд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа. Төрийн эрхийг ээлжлэн атгаж буй хоёр намын дунд өрсөлдөөн өрнөнө гэж байгаа болов ч нэр дэвшигчдийн хувьд зүгээр сууж байгаад сонгогчдын саналыг авч гарч ирнэ гэдэг нь “үлгэр”. Зарим нь амлаж байхад нөгөө хэсэг нь эртнээс "дайснаа дарж, дархан цолоо мандуулах"-аар зоьрж байна. 

Тэдний нэг нь  МАН-ын дарга У.Хүрэлсүх. Шударга ёсыг ярьдаг тэр айдсаа дагуулсаар Хэнтийд нэр дэвшихээр болсон. Намынх нь нэрийг хууль бус үйлдлүүдтэй холбосон нөхдийг нэр дэвшүүлэхгүй гэж байсан хүн хэлсэндээ хүрээгүй учраас орон нутгийг зорьсон нь тэр. Аргагүй шүү дээ. Шударга ёс ярьдаг хүн парламентын суудал авахын тулд "бурсан" нь тодорхой болчхож байгаа юм чинь.

Хамгийн энгийнээр бодоход МАН-ын дарга Сонгуулийн төв штабаа орхиод зугтаж байгаа хэрэг. МАН-ын өмнөх дарга нарын хувьд хамгийн хүнд өрсөлдөгчтэй тойргуудыг “амладаг” хатуу өрсөлдөөн дундаас гарч ирдэг байлаа. Харин У.Хүрэлсүхэд тийм сачий нь дутах нь ойлгомжтой. Хатуухан тойрогт өрсөлдөх байтугай бие даагчдаас хүртэл сүрдэж байгаа нь хэдхэн өдрийн өмнөх үйл явцаас ч харагдана. Тэр Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан хуульч Л.Батжавыг “урвуулаад” авсан. Яах вэ том намын том дарга бие даагчаас дор санал авахаас ичмэр аядсан байх л даа. Үндсэндээ нэг “дайснаа” дарчхаж байгаа юм.

Шударга ёсны төлөө хэмээн “сэлэм” эргүүлэхээ зарладаг У.Хүрэлсүхийн хувьд энэ нь ердөө л амны уншлага болохоос амьдралд хэрэгжүүлж байгаа нь тун ховор.

ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй гэж байсан ч өнөөдрийн УИХ-ын сонгуулийн 29 тойргийн 76 мандатын төлөө 30 орчим ЖДҮ-чин нь нэр дэвших эрхээ намын даргаасаа авчихсан явна. Тендер, концессын тэргүүлэгчдээ мөн л толгой дарааллан нэр дэвшүүлж байна. Тэгэхээр түүний хэлсэн үг хийгээд намынх нь нэр дэвшигчдэд итгэл үзүүлнэ гэдэг тун ч бэрх асуудал болж хувирна.

Түүний хувьд анх Сүхбаатар аймагт нэр дэвших тухай яригдаж байсан ч Хэнтийг зорьсон. Магадгүй ингэсэн нь дээр байсан биз, өөрийнх нь тактикаар бол. Учир нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд тойргоо чамгүй усалж, энэ жил бүр бусад аймгаас хэд дахин их хөрөнгө оруулалт татсан. Тэгэхээр Ерөнхий сайдтайгаа хамтдаа шийдвэрлэж чадсан гэдэг аархал харуулах гэж буй болов уу. Нөгөө талаар орон нутгийнхныг мэдээллээс хол гэж тооцон худал үгсийг нь санахгүй хэмээн улайрч, арга мухардвал өрсөлдөгч нар нь сонгуулийн шоу хийж байна гэж “гүрийх” боломжтой. Өөрийгөө цайруулчихна. 

Ердөө өөрийнх нь энэ үйлдлээс харвал түүнд МАН сонгуульд хэрхэн оролцох нь тийм том асуудал биш. Хэрвээ амжилт муутай төлөвлөснөөс доогуур хувь хүртэж, амжилт муутай байвал үүргээ биелүүлээгүй, хариуцлага тооцуулах хүмүүс нь тусдаа буюу Сонгуулийн штабынхан болж таарах биз ээ.

Б.Төгөлдөр

http://erennews.mn/article/34050