Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөхцөл байдлын талаар манай сонин мэдээлж байсан билээ.

Тус улсын хамгаалах байранд 11 монгол хүн байгаагаас Малайзын цагдаад хүчир-хийлүүлсэн гэх хоёр эмэгтэй болон хүний наймаанд өртсөн байж болзошгүй зургаан эмэгтэй байсан юм. Мөн манай улсын иргэн хоёр монгол эмэгтэй ор сураггүй алга болж, ар гэрийнхэн нь олон сарын турш хайж байв. Тэгвэл ор сураггүй алга болсон дээрх хоёр эмэгтэйг эсэн мэнд олсон бөгөөд бусдад барьцаалагдаж, дарамтлуулж байсан нь тодорхой болжээ. Одоогоор нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Удаан хугацаанд барьцаалагдаж байсан хоёр эмэгтэйн нэг нь тус улсад нуугдаж, аюулгүй байдлаа хангахын тулд хүнд нөхцөлд амьдарч байсан бөгөөд удаа дараа хүсэлт илгээж, чартер нислэгт багтсан боловч консулын ажилтан хохирогчийн ар гэрийнхэнд “Тусгай нислэгийн зардлыг яамнаас төлнө” хэмээн ташаа мэдээлэл өгч онгоцноос нь хоцроосон аж.

Харин хамгаалах байранд байсан 11 монгол иргэний гурав нь чартер нислэгт багтан эх орондоо ирсэн бөгөөд тэд хүний наймааны золиос болж байжээ. Тэднийг Монгол дахь ТББ болон Малайзын өргөмжит консулын тусламжтай хамгаалах байранд хүргэж байв. Одоогоор Малайз улсын цагдаад хүчирхийлүүлсэн хоёр монгол эмэгтэй хамгаалах байранд амьдарч буй бөгөөд ирэх сарын 8-нд болох шүүх хурлаа хүлээж буй.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН