Монголын улс төрд, шийдвэр гаргах түвшинд шинэ үеийн залуусыг сургаж, ажиллуулья

 Цар тахал ѳвчний дэгдэлт, үзүүлж буй хор уршиг бидэнд, дэлхий “нэг амьтай” гэдгийг ойлгуулж байна. Аюулт ѳвчин Монголд минь дэлгэрч буй энэ цаг үе бидний “хэн бэ?” гэдгийг улам тодруулан харуулах боллоо. Манай улстѳрчид, шийдвэр гаргагчид ѳѳрийн хэмжээндээ сайн ажиллаж байгаа хэдий ч, тэдний олон сул талууд энэ үед илэрч мэдрэгдсээр байна. “Жалгын улстѳрчид” дэлхийн тавцанд “жижигдээд” байна.

 

1.ЖАЛГЫН УЛСТѲРЧИД

 

Хэт туйлширсан намуудын талцал, “цус ойртолт”-ын хэмжээнд хүрсэн сонголт, бие биенээсээ хамааралтай эрх мэдлүүд, сонирхлын бүлэглэлүүдийн мафижсан үйл ажиллагаа, шударгаар бус захиалгаар ажилладаг хуулийн систем, хариуцлага хүлээдэггүй “аргалсан” тогтолцоон дунд бий болсон “жалгын улс тѳрч”-дѳд дараах сул талууд байсаар байна.

-Ѳѳрийн санаа бодлоо илэрхийлэн ярих чадвар муу. Оршил ихтэй, маш нуршуу ярьдаг тэдний, … гэж хэлье гэж бодож байна, …сэн байгаа, …үйл ажиллагаа явагдаж байна гэхчилэн утга агуулгагүй, мохоо, албархуу, сул хэллэгүүдийг сонсох үнэхээр тээртэй. Тархинд байгаа бодол санаанууд үгээр дэмжин илэрхийлэгддэг болохоор ярих чадвараас нь тэдний тархины багтаамж нь мэдрэгдээд байдаг юм

-Асуудал ба асуултыг зѳв ойлгодоггүйгээр гол зүйлээ бус хамааралгүй зүйл яриад хадуураад явчихна. Ямар ч асуудлын талаар мэдлэгтэй байхын тулд ном мэдээллүүд уншиж, цахим мэдээллүүд дундаас ѳѳртѳѳ хэрэгтэй мэдээлүүдийг олж хадгалах бас хэрэглэх чадвартай байх ёстой

-Хариуцсан ажлаа сайн мэддэггүйгээс доод албан тушаалтнуудын бэлтгэсэн мэдээллүүдийг дамжуулах, тэдний саналыг дамжуулагч болдог учраас оновчтой зѳв шийдэл олж шийдвэр гаргаж чаддаггүй. Ѳѳрѳѳ мэдлэг чадваргүй байх нь бусдын эрхшээлд орох шалтаг болдог

 

-Гадаад хэлний чадвар муу болохоор дэлхийн түвшиний мэдээлэл авч харьцуулах, ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх боломжгүй. Энэ шалтгаанаар асуудлыг том түвшинд бус жижиг хэмжээнд харж шийдвэр гаргах эрсдэлтэй

 

-Хувийн болоод сонирхлын бүлгүүдийн ашиг сонирхлыг эхэнд тавьдаг болохоор хэлж буй үг, хийж буй үйлдэл нь бусдад ойлгогддоггүй , бас таалагддаггүй. Гэвч тэд энэ байдалдаа эрдэж улам их алдаа гаргадаг ч, ѳѳрсдѳѳ ухаарч анзаардаггүй. Хууль бус үйлдэл, авилга, албан тушаалын гэмт хэргүүдийн үндсэн шалтгаан энд үүснэ

 

 

 

2.ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС

Дэлхийн шилдэг Их Дээд сургуулиудад суралцан боловсрол эзэмшиж, нэр хүндтэй байгууллагууд болон компаниудад ажиллаж ѳѳрийгѳѳ энэ түвшинд хѳгжүүлсэн олон монгол залуус байгаа. Ийм залуус жилээс жилд нэмэгдсээр байгаа нь Монголын хѳгжилд хэрэгтэй “үнэт баялаг” хэмээн би үздэг. Тэдний тухай “Мэдлэгтэй хэдий ч туршлага нь Монголын хѳрсѳн дээр буудаггүй юм” хэмээн дүгнэдэгтэй санал нийлдэггүй. “Moнголын хѳрс”-ийг “дэлхийн хѳрс”-ѳнд ойртуулахын тулд тэд ажиллаж байж алдаа оноон дундаас туршлага сууна.Тэдэнд ямар давуу чанарууд байдаг вэ?

-Гадаад хэлний мэдлэг дээр бусад олон үндэстэн залууст ѳѳрийн санаа бодлоо ойлгуулж хэрхэн хамтран ажиллах талаар чадвар туршлагатай болсон

-Суралцаж байсан сургууль болон ажиллаж байсан газрууд нь тэднийг багаар ажиллах чадварт сургаж, хариуцлага болон сахилга батад сургасан

-Maш их мэдээллүүд дундаас ѳѳрт хэрэгтэй мэдээллүүдээ олж боловсруулан үр ашигтай ашиглах чадварт суралцсан

-Байгууллагын болон бизнесийн соёл гэж юу болох, шийдвэрийн нѳлѳѳлѳл нь хамт олонд болон бусдад хэрхэн хүрэхийг мэддэг болсон

-Дэлхийн хѳгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа болон Монголын хѳгжлийг хэрхэн уяж холбох арга зам, боломжийг тэд илүү олж чадна

 

 

3.Л.ОЮУН-ЭРДЭНЭ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”-ИЙ ТѲЛѲѲЛѲЛ

Монголын улс тѳрд шинэ үеийн залуусын тѳлѳѳлѳл болж орж ирсэн Л.Оюун-Эрдэнийг би дэмждэг. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга хүртэлх түүний туулсан зам амар байгаагүй ээ. Харвардад суралцаж байхад нь танилцаж нѳхѳрлѳсѳн түүнтэй, санал солилцон ярилцаж байсан олон зүйлүүд ажил хэрэг болж байгаад би баяртай байгаа. Зарим хүмүүс түүнд таагүй хандаж, олон хүмүүс дэмждэг ч түүний санаачилж хэрэгжүүлсэн 3 бодит үйлдэлд би талархдаг.

 

-Монголын улс тѳр дэх мафижсан тогтолцооны эсрэг “Шударга ёс”-ны тэмцлийг эхлүүлж, тууштай тэмцэж байж үр дүнд хүргэсэн. Үр дүнд хүрсэн алив үйлдлийн талаар хэлэлцэж шүүмжлэх амархан ч, уг үйлдэл нь ямар их эр зориг, золиос, эрсдэл дунд явагдсаныг хэн ч мэдэхгүй. Тэр тэмцлийн сайн үр дүнг бид мэдэрч байгаа.

 

-“Алсын хараа-2050” нэртэйгээр Монголын хѳгжлийн урт удаан хугацааны хѳтѳлбѳрийг санаачлан боловсруулж гаргасан. Яг үнэндээ хѳгжлийн үндсэн хѳтѳлбѳр байхгүйгээс сонгуульд ялсан намууд ѳрсѳлдѳгч намынхаа хийсэн бүхнийг үгүйсгэн дур зоргоороо авирлан эмх замбараагүй болсныг цэгцэлж эхэлсэн. Алдаа оноо зѳндѳѳ байхыг үгүйсгэхгүй ч энэ бол хѳгжлийн чиг хандлагыг бий болгосон сайн үйлс мѳн. Энэ баримт бичиг цаг хугацааны аясаар улам хѳгжин тѳгѳлдѳржинѳ.

-ЗГХЭГ-ын даргын эрх мэдлийн хүрээнд зарим албан тушаалд шинэ үеийн залуусыг томилж байгаа. ХХМТГ-ын даргаар томилогдсон Б.Болор-Эрдэнэ, “ E Mongolia” цахим тѳслийг танилцуулж байгааг хараад би бахархсан. УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдал, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, Геологийн Тѳв Газрын дэд дарга Б.Уянга нарыг би сайн мэднэ. Тэд бол Монголын хѳгжлийг дэлхийн хѳгжилтэй холбоход дэм болж чадах залуус. Эдэн шиг олон залуус Монголын улстѳрд, шийдвэр гаргах эрх мэдэлд орж  ажиллаж байж Монголыг хѳгжүүлнэ гэдэгт би итгэдэг.

…“Хэнд эрх мэдэл буй түүнд хилэнц буй” гэдэг хэлц бий. Ажил хийж буй хүн бүхэнд алдаа оноо сүлэлдэж байдаг. Зорьсон үйлсдээ ѳѳрийн чин сэтгэлээр хандаж байгаа юу? ѳчүүхэн эрх ашгийн тѳлѳѳ хандаж байсан уу? гэдгийг цаг хугацаа нотолно, ѳѳр хэн ч биш. УИХ-д шинэ үеийн цѳѳн биш залуус сонгогдож, У.Хүрэлсүхийн ЗГ салбрууддаа мэргэжлийн хүнээ томилсон нь шинэ алхам байлаа. Тийм болохоор арай эв нэгдэлтэй, хариуцлагатай ажиллаж байгаа. Бид ѳѳрсдийн хэм хэмжээгээ дэлхийн хѳгжилтэй харьцуулан, шинэчилж хѳгжүүлэхээс ѳѳр сонголт үгүй. Нам харгалзахгүйгээр шинэ үеийнхэн Монголын хѳгжилд оролцох цаг нэгэнт иржээ. Бидэнд нэг л эх орон бас адил үнэт зүйл байгаа болохоор хэт улстѳржсѳн талцлаа ядаж багасгах хэрэгтэй болж байна.

 

 

 

                                 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах