УИХ-ын гишүүн Ц.Анандбазар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хүмүүнлэгийн салбарын эцэг хууль болох ёстой бөгөөд хуулийн төслийн ажлын хэсэгт орж, батлуулахаар ажиллана гэлээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар иргэдийн хүнлэг чанар, дотоод сэтгэлийн боловсрол, төлөвшлийг сайжруулах зорилгын үүднээс Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Энэ хууль бол онцгой чухал хууль юм. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аварга маань монгол наадмын зүлэг ногоон дэвжээнд хамгийн жудаг сайтай ийм сайхан бөх байсан. УИХ-ын гишүүн болоод хүн чанар, хүний мөсөөр хамгийн сайхан гишүүдийн нэг гэж би боддог. Хэрэв Б.Бат-Эрдэнэ аварга шиг таван гишүүн байвал манай УИХ-ын өнгө их сайхан болно.

Ер нь энэ хууль бол боловсролын тухай ч хууль биш юм. Энэ бол түүх, соёл, хүн болохын мөн чанар хууль юм. Зайлшгүй хууль байх ёстой. Тиймээс энэ хуулийг боловсролын хуулийн, түүх соёлын хуулийн тэр байтугай зөрчлийн хуулийн эцэг хууль болгож гаргах ёстой. Бид өнөөдөр Зөрчлийн тухай хууль гаргаад ард түмнээ торгоод явж байна. Яагаад зөрчил гаргаснаа мэдэхгүй хүмүүс байна, ёс суртахуунгүй санаатай зөрчдөг хүмүүс байна.

Аливаа хуулийг хэрэглэхэд суурь хууль нь зөв байдаг. Боловсролын хууль Монгол Улсын түвшинд гарсан гэж үзэж байна. Гэхдээ мөн чанар байхгүй учраас дэлхийн жишигт хүрэхгүй байна. Тиймээс хүн болох мөн чанарын тухай энэ хуулийг хүмүүнлэгийн салбарын бүхий л хуулийн эцэг хууль болгон батлах хэрэгтэй. Ингэж чадвал манай хууль агуулгатай болно. Хүн төрөлхтөний үнэлж байгаа дэлхийн жишигт нийцнэ.

Өнөөдөр гаднын сургуулиуд монгол хэл, түүх заахгүй, ямар ч хууль тэнд үйлчлэхгүй байна. Бид хүүхдэдээ монгол хэлний багш авах болчихоод байна. Хүн байх тухай хууль ярихаар мөнгө, эдийн засаг ярьдаг. Одоо дэлхийд мөнгө, эдийн засаг ярьдаг соёлт хүн төрөлхтөн байхгүй болсон. Эхлээд хүнтэй нь яриад, дараа нь эдийн засаг ярьдаг. Монгол орон бол баян орон. Алт, мөнгө, адуу мал, агаар ус тансаг, сайхан сэтгэлтэй хүмүүс дүүрэн байна. Ганц ёс суртахуун дутаж байна. Тиймээс ажлын хэсэгт орж, мэдлэг чадвараа оруулан Б.Бат-Эрдэнэ аваргынхаа санаачилсан хуулийг батлалцана” гэлээ.

Харин зарим гишүүдийн хувьд энэ төслийг Боловсролын багц хуулийн агуулгад оруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.