УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Ээлжит сонгуулиас зургаан сарын өмнө тухайн хуульд өөрчлөлт оруулж баталдаг жишиг манайд тогтоод удаж байна. Энэ жишгээр явсан уг хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Төрийн Тэргүүн нэр дэвших үү, үгүй юү гэх яриа маргаан дагуулав. Ямар боловч үүнийг нэг талд хагалж, хуулиа баталчихлаа.

Одоо намууд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэх маргаан, мэтгэлцээнээ хөшигний ард эхлүүлээд, тактик төлөвлөгөө боловсруулж буй. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасныг юун түрүүнд тодотгох ёстой. Нөгөө талдаа зөвхөн парламентад суудалтай намууд л Ерөнхийлөгчийн сонгуульд кандитатуудаа өрсөлдүүлэхээр хуульчилсныг ч сануулах хэрэгтэй болов уу.

Үүгээр өдгөө парламентад суудалтай МАН, АН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй субьект болж байна.

Эрх баригч МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд гурван сонгууль дараалж өвдөг шороодсон учраас ирэх онд Төрийн Тэргүүнийг сонгох сонгуульд ихээхэн ач холбогдол өгч буй. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэхээ хараахан шийдээгүй байгаа. Намын дарга У.Хүрэлсүхээ өрсөлдүүлэх сонирхол бий ч Засгийн газрын явуулж буй бодлого, “Ковид-19”-ийн эсрэг авч байгаа арга хэмжээ, цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд оновчтой ямар бодлого баримтлах вэ гэх мэт олон ажил хүлээж буй учраас энэ тухай ярихад хэт эртэднэ. 

Уг нь улс төрийн рейтинг тогтоодог судалгааны байгууллагуудын дүнгээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг хамгийн өндөрт бичигдэж байна. Гэсэн ч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх шийдвэрээ намынхаа 100 жилийн ойг ирэх оны гуравдугаар сард тэмдэглэснийхээ дараа шийдэхээр тохирчээ. Харин АН-ын хувьд Ерөнхийлөгчөөс бусад бүх шатны сонгуульд хоёр удаа дараалан ялагдал хүлээчихсэн учраас дотооддоо хөл, толгойгоо олохгүй бужигнаантай байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их хурлаа хийх гэж, намын Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах гэж хэрэндээ л будиллаа. 

2016 оны ялагдлаас хойш намаа шинэчилж, гурван жил гаруй удирдсан дарга С.Эрдэнэ нь одоогийн шинэчлэлтийг эрс эсэргүүцэж, бүр үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг ажлаас нь чөлөөлсөн шийдвэр хүртэл гаргаад амжлаа. Ийн дотооддоо учраа олоогүй, намын дүрмийнх нь өөрчлөлтийг Улсын дээд шүүх хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр АН-ынхан дотоодын талцал маргаанаа шийдвэрлэж чадахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь өнөөдөр өрнөж буй үйл явцаас нь тод харагдаж байх. 

Хэдий наанаа асуудлаа ойлголцсон, намын даргаа сольсон, дүрмээ өөрчилсөн гэж хэсэг хугацааны дараа хэлж болох ч нам доторх фракцууд болон гомдогсод нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэг шугамаар явж чадах уу гэх асуудал гарч ирж байна. Хэдий фракцгүй нам болсон гэж зарласан ч өнгөрсөн хугацаанд “Шонхор”-оос “Шонхор”-т шилжсэн эрх мэдэл өнөө хэр оршсоор л байсан юм. Тиймдээ ч зарим лидерүүд нь намаасаа гарч, ихэнх нь намынхаа үйл хэрэгт төдийлэн оролцохоо болиод буй билээ.

Тэдний нэг АН-ын дарга асан өдгөө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Түүнийг АН-ын дарга асан С.Эрдэнэ намаас нь хассан тул тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж эдүгээ парламентад цор ганцаар бие даагч УИХ-ын гишүүн болоод буй. Хэдий хамт тэмцэж явсан журмын нөхрөөсөө УИХ-д өрсөлдөх “виз” авч чадаагүй ч улс төрд төрд өнгөрүүлсэн замнал, хийж ирсэн ажлаараа ард түмэндээ үнэлүүлэн парламентад орхончуудыг төлөөлж байна. Хийсэн ажил, хэлэх үгтэй лидерүүдийн нэг учраас Н.Алтанхуяг хаанаас нэр дэвших нь тодорхойгүй ч ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэг болох нь дамжиггүй байна.

Нэг ёсондоо, түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших эсэх нь хамгийн тодорхой бас хамгийн тодорхой бус хүн гэж хэлж болно. Яагаад гэвэл, нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд нэлээд дээгүүрт орж байгаа. Харин аль намаас хэрхэн нэр дэвших нь тодорхойгүй. Сүүлийн гурав, дөрвөн сарын рейтинг тогтоох судалгаагаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дараа орж яваа улстөрч бол Н.Алтанхуяг. Олон нийт ч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх кандитат хэмээн нэрлэж байгаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН-ын сунгаанд оролцож байсан ч Х.Баттулга нэр дэвших эрх авч тэрбээр түүний зөвлөхөөр ажиллаж байсан. Хожим яагаад зөвлөх нь болсон тухайгаа Н.Алтанхуяг “Миний анх зарласан шударга бусын хонгилыг нурааж, шударга ёс тогтооно” гэсэн учир зөвлөх нь болсон гэж байсан. 

Харин МАХН, Хөдөлмөрийн үндэсний намаас ямар кандитат нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-аас нэр дэвших эрхгүй. Тиймдээ ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өрсөлдүүлж байсан. Одоо С.Ганбаатар өрсөлдөхгүй нь хэнд ч ойлгомжтой байгаа. Харин Хөдөлмөрийн үндэсний намын хувьд УИХ-д нэг, НИТХ-д гурван суудалтай. Нэр дэвших магадлалтай туршлагатай кандитат тун ховор. Тиймээс тус намын квот дээр өрсөлдөх сонирхолтой туршлагатай, хат суусан улстөрчид байхыг ч үгүйсгэхгүй. 

Ямар боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр тоолохоос гадна 100 хувь гараар тоолохоор болсон. Мөн саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийх гэх мэтээр санал тоолох хар машинд дан ганц найдахгүй баталгаажуулах заалтуудыг давхар тусгаснаараа өмнөх хуулиудаас онцлог болж байна. Одоо намууд нэр дэвшигчдээ зарлаж, кампанит ажлаа оновчтой байдлаар өрнүүлэх ажил л үлдлээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН