Т.АМАРТҮВШИН

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаасан юм. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлын талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.

-Т.Чимгээгийн биеийн байдал, сэтгэл санаа нь дээрдсэн биз дээ? ­

-Хорихоос суллагдсанаасаа хойш сэтгэл зүй нь сайжирсан. Гэхдээ зургаан жил шоронд хоригдож, доромжлол амссан хүн амаргүй байж таараа. Тэр муухай үйл явдал сэтгэлээс нь арилахгүй шүү дээ . Бөөр нь өвдсөн байна лээ. Бариа хийлгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.

-Улсын Дээд шүүх (УДШ)-ээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахдаа хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тухай шүүх албан ёсны мэдээлэлдээ дурдсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ сэжигтэн байна уу, эсвэл ямар нэгэн холбоогүй болсон уу?

­УДШ­ийн хуралдаанаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо гэсэн. Тиймээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг сулласан. Одоо хүртэл УДШ­ийн тогтоол Т.Чимгээ болон өмгөөлөгчид нь ирээгүй байна. Саяны шийдвэрийг гаргасан шүүгч нараас тодорхой асуух хэрэгтэй байх. 

Гэхдээ Т.Чимгээ одоо энэ хэрэгт ямар ч холбоогүй болсон гэж ойлгож байгаа. Сэжигтэн ч биш. Соёлтой орны хариуцлагатай шүүхийн байгууллагын боловсролтой шүүгч нар байсан бол шүүхийн шийдвэрийг тайлбарлах ёстой. Түүнчлэн уучлал хүсээд, цагаатгалаа гэдгээ зарлах хэрэгтэй байлаа. Гэтэл энэ хоёр хүнийг суллаад, зөвхөн болсон явдлын талаар үг дуугарч болохгүй шүү гэж гарын үсэг зуруулсан. Түүнээс өөр шийдвэр гараагүй.-Мэдээлэл задруулахгүй гэж гарын үсэг зуруулсан гэж үү? ­

-Тийм. Наанаа хувийн баталгаа гаргах гэж нэрлээд байгаа боловч, төрийн нууц гэдгээр халхавчилж, эрүүдэн шүүсэн тагнуул, прокурор, шүүхийн хууль бус асуудлаа задруулахгүй шүү гэж гарын үсэг зуруулсан.

Тагнуулынхан тэр хоёрыг дарамталж, зодож байгааг улс орон даяар харсан шүү дээ. Прокурор, шүүх нь яаж хууль зөрчив. Энэ бүгдээ нуун дарах гэж гарын үсэг зуруулсан. Түүнээс С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалаас төрийн нууц гэж нуух зүйл байхгүй. С.Зоригийг хөнөөсөн хэргээс ямар мэдээллийг задруулбал, улс оронд аюул занал учруулах юм бэ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт мэдэх төрийн нууц гэж юу байх юм. Нэг нь тогооч, нөгөө нь мал аж ахуй эрхэлж байсан хүн шүү дээ. Гэтэл анхнаасаа энэ хэргийг будилуулж, луйвраа нуух гэж төлөвлөж, улсын нууцад авсан байдаг. “Хувийн баталгаа гаргах” гэдэг нь энэ хоёрыг дарамталж эрүүдэн шүүсэн хууль бус үйлдэл, тагнуулынхны ярьсан зүйлийг гадагш нь задруулахгүй гэдэг баталгаа байхгүй юу.

-УДШ-ийн тогтоол Т.Чимгээд ирээгүй гэв үү. Шүүхийн шийдвэр гараад гурван сар гаруй хугацаа боллоо. Уг нь 14 хоногийн хугацаанд албажиж, холбогдогч нарт ирэх ёстой биз дээ?

-Шүүх тогтоолоо холбогдогч нарт ирүүлж чадахгүй байна. Тогтоолоо гаргасан байх. Гэхдээ бидэнд тогтоолоо ирүүлээгүй.

-Т.Чимгээг суллагдсанаас хойш хуулийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг авсан уу?

-Аваагүй. Чимээгүй болсон. О.Бархасбадид холбогдох эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотойгоор Т.Чимгээгээс мэдүүлэг авсан. С.Зоригийг хөнөөсөн гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын олон хүнд шүүхээс хорих ял оноосон. Гэтэл эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон, хэлмэгдүүлсэн гол хүн болох ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга О.Бархасбадь гэж хүн зүгээр өнгөрсөн. Түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан юм. 

Харин Т.Чимгээг суллах УДШ-ийн шийдвэртэй хамт, О.Бархасбадийн хэргийг анхан шатны шүүхэд буцааж, Төв аймаг дахь шүүх хэлэлцсэн. Өмнө О.Бархасбадийн хэргийг шүүж байсан шүүгч дахин шүүж, хэрэгсэхгүй болгосон. Тиймээс манай өмгөөлөгч нар давж заалдаад байна.-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахдаа УДШ-ээс батлан даалтад гаргалаа гэдэг ойлголтыг төрүүлсэн. Тэгж хэвлэлүүд мэдээлсэн шүү дээ?

-Шүүхийн гарч байгаа шийдвэр нь ойлгомжгүй, нууц байна. Энэ хоёр хүнийг зүгээр шоронгоос гаргаад, үг хэлэхийг нь хориглосон. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт энэ хоёр хүн буруутай гэдгийг тогтоож чадаагүй байж, буруутай гээд шүүх ял оноосон. Одоо “Манай шүүгч нар буруу шүүжээ” гэж хэлэх хэцүү байгаа байх. Ард түмэнд ойлгомжгүй үлдээх сонирхол байна. Яагаад гэхээр шүүгч, прокурор, тагнуулынхан чинь бүгд болохгүй юм хийчихсэн. Гаргаж ирэх гэхээр өөрсдөө асуудалд орчих гээд байдаг. Тиймээс тодорхойгүй байдалд оруулж байгаа байхгүй юу.

-Эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, нарт шүүхээс хорих ял оноосон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлэх нь ямар учиртай байв. Та юу гэж боддог вэ?

-Шүүхийн шийдвэр бүрхэг байгаагийн үндэс нь энэ шүү дээ. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хүмүүс энэ гурван хүнийг хэлмэгдүүлж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаах гэж яагаад улайрав. Гурвын гурван хүний амийг золиослох шахан хэлмэгдүүлэв гэдэг асуудлыг хуулийнхан хөөж олох ёстой. Хэрвээ энэ хүмүүс хэлмэгдсэн чигээрээ шорондоо үлдэж, хэрэг хаагдвал хэнд ашигтай байсан гэдгийг бодох хэрэгтэй. Би хувь хүнийхээ зүгээс харахад Ц.Элбэгдоржийн даалгавар гэж ойлгодог. Ц.Элбэгдорж өөрөө хэвлэлээр ярьсан шүү дээ. Хэн ч мэдэхгүй, АТГ-д ажиллаж байсан Б.Хурц гэж хүнийг шууд генерал болтол нь татаж авчирсан гэж. Б.Хурцыг Германы шоронд байхад нь Ц.Элбэгдорж өөрөө очиж авчрахдаа нэг онгоцоор цуг ирснийг бүгд мэднэ. “Онгоцоор цуг ирэхдээ Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга болгох санал тавьсан” гэж Б.Хурц өөрөө “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орохдоо ярьсан.

Олон үйл явдлыг харахаар Ц.Элбэгдорж оролцоод байгаа биз дээ. Тэгэхээр Ц.Элбэгдорж гэж хүн энэ хэргийг хаалгах гэж шалихгүй хэдэн нөхдийг ашигласан гэж би ойлгодог. АТГ-ын нэг офицер, ялахгүй нэг Г.Эрдэнэбат гэж прокурор. Учраа мэдэхгүй, мэдлэг боловсрол дулимаг хэдэн нөхдийг тагнуулд авчирсан байна шүү дээ. Гэтэл тэр шалихгүй мөрдөн байцаагч нарыг хурандаа болгосон.Дэслэгч Б.Хурцыг генерал, их сургуулийн багш хийж байсан хүнийг Ерөнхий прокурорын орлогч болгосон. Б.Хурц гэхэд ОХУ-д сурч байсан ч төгссөн үгүй нь тодорхойгүй юм билээ. Сүүлд тагнуулын ажилтны зургаан сарын курст төгссөн байдаг. “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орж ярихдаа өөрийнхөө мэргэжлийг цээжээр хэлж мэдэхгүй байсан. Дипломоо харж байснаа “Хөнгөн хүнсний технологич гэж байна” гэж унших жишээний. Энэ юуг харуулж байна гэхээр тэр сургуульд өөрөө сураагүй гэдгээ харуулаад байна шүү дээ. Түүнээс хүн өөрийнхөө сурч байсан сургууль, мэргэжлийг мэдэхгүй байна гэж байх уу. Тэгэхээр Б.Хурц боловсролгүй гэдэг нь харагдаад байгаа биз. Ийм боловсролгүй онгироо, сагсуу, мулгуу хүмүүсийг Ц.Элбэгдорж бүрдүүлж, генерал, хурандаа цол өгч хөөргөж байж, үүрэг чиглэл өгсөн. Энэ эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан залуучууд бүгд одонгоор шагнуулсан шүү дээ. Энэ хэргийг шүүсэн Зориг гэж шүүгч гавьяат хуульч болсон. С.Соёмбо-Эрдэнэ гэж шүүгч дээшээ дэвшиж, Улсын Дээд шүүхийн шүүгч болсон. Ч.Хосбаяр шүүгч Гаагийн шүүхэд нэр дэвшиж байна гэж сонссон. Ийм улсуудыг Олон улсын шүүхэд явуулж болохгүй. Энэ хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан хүмүүс бүгд гавьяа шагнал авсан. Анх Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болохдоо “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ” гэж гарч ирсэн хүн шүү дээ.

- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаах зорилгоор хэлмэгдүүлэлт явуулсан гэж үү?

- Ц.Элбэгдоржид яг энэ хүмүүсийг хэлмэгдүүлье гэсэн санаа байгаагүй байх. Энэ хэргийг хаачих гэдэг үүргийг тодорхой хүмүүст өгсөн болж таарч байгаа юм. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд, нөгөө Оюунаа, Батаа гэж яригддаг хоёр хүнийг олох ёстой болсон байх. Тэгээд гай болоод Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр таарчихгүй юу. Энэ хоёр таараагүй ч өөр хоёр хүнийг сонгож, хэлмэгдүүлэх л байсан. Хэргийг хаахын тулд заавал золиос болох хүн хэрэгтэй болсон байх. Тэгээд доор нь байсан боловсрол муутай, онгироо сагсуу хэдэн залуучууд ийм ажлыг зохион байгуулчихгүй юу.

 Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, О.Бямбажав, О.Бархасбадь гээд хүмүүс. Үйл явдлыг харахаар л эрүүдэн шүүлтийг захиалсан хүн нь Ц.Элбэгдож гэж ойлгогддог. УИХ-ын гишүүн байсан Ц.Шаравдорж гуай “Манан буусан монголын золиос Санжаасүрэнгийн Зориг” гэж ном бичсэн. Тухайн үед Ц.Шаравдорж гуай улс төрийн гал тогоонд байсан хүн учраас хэн юу ярьж байсан баримтуудыг номонд бичсэн байна лээ. Тэр баримтад дурдсанаар, Ц.Элбэгдоржийн ярьж хэлж байсан үг, хийсэн үйлдлээс үзэхэд хэргийг шалгах ажлын хэсэг сайн ажиллаж байх үед нь тараадаг, байсан юм билээ. Хуулийнхан будлиан хийснээс болж, хэрэг өнөөдөр нийгэмд эргэлзээ, хэрүүл тэмцэл дагуулж байна шүү дээ.

-Энэ хэргийг хаах сонирхол Ц.Элбэгдоржид байсан гэлээ. Ямар учраас хаах сонирхолтой байсан гэж вэ?

-Би 1990 оны Ардчилсан хувьсгалыг нүдээрээ харсан хүн. Тухайн үед би оюутан байлаа. Ардчиллын гол лидер нь С.Зориг байсан. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёр чинь арын эгнээний улс шүү дээ. Эндээс дүгнээд бодоход, Ц.Шаравдорж гуайн бичсэн номд дурдагдсан баримтаас харахад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр С.Зоригтой байнга муудалцдаг байсан юм билээ. Гэхдээ ард түмэн С.Зоригийг дэмждэг байсан. Энэ хоёр хүн нэр хүнд албан тушаалын төлөө хөөцөлдөж байна шүү дээ. С.Зориг бол өөр байсан. 

Тэгэхээр С.Зориг гэдэг хүн алга болох юм бол энэ хоёр хүн дараагийн эгнээнээс гарч ирэх гээд байна шүү дээ. Ийм зүйл болоо биз дээ. С.Зориг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийхээ маргааш нь алуулсан. Хулгай луйвар хийхийг нь эсэргүүцэж байсан учраас эд нар түүнийг алуулсан байхыг үгүйсгэхгүй.-Шууд ингэж хэлчихэж болж байгаа юм уу?

 - Яагаад болохгүй гэж . Миний хувийн бодол шүү дээ. Хэргийг шалгах ажлын хэсгийг нь Ц.Элбэгдорж дандаа тараасан байдаг юм билээ. Ажлын хэсгийн мэдээллийг Ц.Элбэгдорж “Би сонсоно” гэдэг байсан гэсэн. Ажлын хэсэг дээр хэргийн шалгалтын гол нууц мэдээллээ л ярина шүү дээ. Хэргийг шалгаж байсан туршлагатай хурандаа нарыг ажлын хэсгээс хасаж, сольдог. Болсон, болоогүй хүмүүсийг ажлын хэсэгт оруулдаг байсан гэдэг. Өөр олон баримтаас үзэхэд ч Ц.Элбэгдорж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдож ирсэн.

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт захиалагч бий гэж хуулийнхан тайлбарладаг. Гэтэл нэг ч удаа зарлаж байгаагүй. Та хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж гэж хэлэх гээд байна уу?

- Хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж байх үндэслэлтэй. Би Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг гэж хардаг. Яагаад Э.Бат-Үүлийг гэж нэмээд хэлчихэв гэхээр, С.Зориг Ардчилсан холбооны том лидер хүн. Энэ хүний амийг хөнөөсөн хэргийг 2016, 2017 онд шүүгээд бужигнаж байхад АН нэг ч дуугараагүй. АН-аас ганцхан Э.Бат-Үүл гэдэг хүн дуугарсан. “Би энэ хэрэг илэрсэнд баярлаж байна. Баярлахдаа Элбэгээдээ баяр хүргэсэн” гэж Э.Бат-Үүл ярьсан. Тэгэхээр Элбэгээ гэж хүн холбоотой байгаа биз. Тэгэхээр Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүн энэ хэргийн захиалагч байх магадлал маш өндөр. Хэрэг илрэхэд Э.Бат-Үүл яагаад баярласан тухай, Ц.Элбэгдоржид баяр хүргэх болсныг асуух ёстой. Ц.Элбэгдорж хэргийг мөрдөж олсон юм уу. Тэгэхээр Ц.Элбэгдоржид асуудал байна. 

Э.Бат-Үүлд яагаад Ц.Элбэгдорж баатар өгөв гээд ард түмэн ярьдаг шүү дээ. Энэхүү сэжим нь энэ хүмүүсийг өөрийн эрхгүй энэ хэрэг рүү түлхэж байна. Би мөрдөгч биш ч тэгж бодогдож байна. Мөрдөгч мөрдөөд явахад түүн дээр аваачна.-Таныг талбай дээр өлсгөлөн зарласан үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нууц байдлаар очиж уулзсан. Юу ярьсан бэ?

-Ц.Нямдорж сайд надтай уулздагийн урд өдөр нь цагдаагаас намайг албадан эмчилгээнд оруулах гэж оролдсон. Тиймээс би “Өлгөлөн зарлах эрх эдлүүлэхгүй бол амиа хорлоно” гэж хэлж байсан. Тиймээс Ц.Нямдорж гуай ирж “Хүү минь чи тийм болгоомжгүй юм ярьж болохгүй. Асуудал хууль журмын дагуу шийдэгдэж байна. Тэгэхээр өөрөө тэмцээд явж бай. Ийм хамаагүй зүйл ярьж болохгүй. Хөгшин настай эхийгээ бод” гэж хэлсэн.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар гурвыг хэргээ нуун далдлахын тулд О нарын дөрвөн хүнийг галдан шатаасан гэж шүүхээс буруутгах тогтоол гаргасан. Энэ нь мөн нотлогдоогүй болчихов уу?

-Энэ хуулийнхны “зохиосон үлгэрт” Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Отгонбаатар нар дөрвүүлээ С.Зоригийг хөнөөсөн гэж буруутгасан. Отгонбаатар “ам алдах” гээд байна гэж бусад нь галдан шатааж алсан гэж “зохиол” гаргасан. Гэтэл Отгонбаатарынх 2001 онд гэртэйгээ шатаж нас барсан юм байна лээ. Эрдэнэтийн онцгой байдлын галын дүгнэлтээр цахилгаанаас болж гал гарсан байх үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж нотломж гарсан юм байна. Гэтэл энэ хүмүүс хөнөөсөн гэж хилсдүүлсэн. Тэр галын дүгнэлт гаргасан байцаагчийг шүүх хуралд оруулсан байдаг. 

Гэвч М.Алдар гэж шүүгч тэр байцаагчийг гэрийн даалгавраа хийгээгүй хүүхэд загнаж байгаа юм шиг загнаж байгаад шүүх хуралд үг хэлүүлээгүй байдаг. Тэгсэн мөртлөө шүүх шийдвэр гаргахдаа энэ хүмүүс Отгонбаатарын гэр бүлийг галдан шатаасан гээд шийдчихсэн. Энэ хүмүүс хэрэг хийсэн нь нотлогдсон, батлагдсан гээд байдгаас ямар ч баримт байдаггүй. Баримт байдаг бол гаргаад ир л дээ. М .Энх-Амгалан гэдэг прокурорт ч хариуцлага тооцох ёстой. М.Энх-Амгалан прокурор УИХ-д мэдээлэл хийхдээ “Энэ хүмүүс С.Зоргийг хөнөөсөн нь тогтоогдсон. О нарын хүмүүсийг галдан шатаасан” гэж мэдэгдсэн. Худал мэдээлэл хийсэн энэ хүнд хариуцлага тооцох ёстой. “Ах нь худлаа ярьж байна, шалгана” гэж ярьж байсан удаатай. Тэр прокурорт хариуцлага тооцох хэрэгтэй.

-Т.Чимгээ энэ хэргийн талаар юу ярих юм. Болсон явдлын талаар өөрөө ярих цаг болоогүй юм уу?

-Нэгдүгээрт, зургаан жил дарамтад байж, доромжлуулсан учраас сэтгэл зүй нь тогтохгүй байна. Хоёрдугаарт энэ хэрэг нууц гээд байгаа шүү дээ. Уг нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ямар ч нууц байхгүй. Хүн амины хэрэг яахаараа төрийн нууц болчихдог юм. Гэтэл юм ярьж болохгүй шүү гээд гарын үсэг зуруулчихсан. Гэхдээ цаг нь ирэхээр дуугарч л таарна.

-Т.Чимгээ зургаан жил хоригдсон. Үнэхээр гэмт хэрэг хийгээгүй бол Монголын төр түүнээс уучлал гуйх ёстой байх?

-Уучлал гуйх ёстой. Энэ бол зарчим. Гэхдээ эрүүдэн шүүсэн хүмүүсээс нэг хүний асуудал нь шүүхээр шийдэгдээгүй байна. О.Бархасбадид холбогдох эрүүдэн шүүсэн хэргийг шүүхээр эцэслэн шийдэж, түүнийг гэм буруутайд тооцсоны дараа энэ асуудал яригдах ёстой гэж боддог. 

Хилсээр мөрдөн байцаалт явуулж, доромжилж, өрөөнд нь ялтан оруулж дарамтлуулах гол ажлыг зохион байгуулж байсан О.Бархасбадь гэдэг хүнд холбогдох хэргийг Төв аймгийн шүүх хэрэгсэхгүй болгосон. Тиймээс давж заалдсан байгаа.Энэ асуудал нэг талдаа гарч, шийдэгдэх байх гэж найдаж байна. Амьдралынхаа зургаан жилийг миний дүү эргүү мулгуу хүмүүсийн гарт үрчихлээ. Буруутай хүмүүсээр уучлал гуйлгуулах ёстой. Цагаатгах асуудал яригдаж таарна. Зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудал биш шүү дээ. Ард нь байгаа ар гэр, үр хүүхэд байна. Т.Чимгээгийн амьдрал байхгүй болсон. О.Бархасбадь “Танай амьдралыг там болгоно” гэж Т.Чимгээг дарамталсан байдаг. Тэр үгэндээ хүрч үнэхээр там болгосон. О.Бархасбадь төрийн албаны эрх мэдлийг ашиглаж, ядарсан хүмүүсийг там болгосон хүн. Тагнуулынхан улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө ажил хийдэг хүмүүс гэж ойлгосон чинь буу барьсан сармагчингууд шиг хүмүүс байж. Ядарсан хүмүүсийн амьдралыг л там болгосон. 

-Ярилцсанд баярлалаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН