УИХ-ын Төсвийн байнгын хороо өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийж, намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавилаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр удирдуулсан тус байнгын хороо энэ хугацаанд дунджаар 63 хувийн ирцтэйгээр ажилласан байна. Тус байнгын хороо 2013 оны төсвийн тухай болон дагалдах хуулиуд, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоол, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг томоохон хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулжээ.

Түүнчлэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан нь татвар төлөгчид татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авах эрхзүйн шинэ орчин бий болж, татвар төлөгчид учирдаг татварын эрсдэл багасч, хууль тогтоомжийн дагуу татвараа өөрөө тодорхойлж төлөх дадал, соёлыг төлөвшүүлэхийн хамт татвар төлөлт, тайлагналтын орчин сайжирч улмаар улс орны төсөв санхүүгийн байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой хууль болсон гэж байнгын хорооны дарга онцолж байв.

Мөн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар бизнес эрхлэгчдээс гаалийн мэдүүлгийн хамт бүрдүүлэх 10 төрлийн бичиг баримтыг зургаагаар бууруулсан байна. Ингэснээр хүнд суртлыг багасгасан хэмээн үзэж байгаа аж.