"Монголоо аваръя" хөдөлгөөнийхөн өнгөрсөн сарын 30-нд төр засгийн удирдлагуудад дараах гурван асуултыг тавьж, хариултыг нэхсэн билээ. Тодруулбал, нэгдүгээрт Нэг монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байна вэ, хоёрдугаарт, Монголчууд хэзээ нийтээрээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ, гуравдугаарт, Монголчууд хэзээ монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ гэдгийг асуусан.

Үүнийхээ хариултыг авахаар "Монголоо аваръя" хөдөлгөөнийхөн болон 2000 гаруй иргэдийн төлөөлөл өнөөдөр 12.00 цагт Ялалтын талбайд тайван жагслаа. Уг хөдөлгөөний залуус энэхүү нээлттэй асуулгуудаа Улаанбаатар хотын 6000 гаруй иргэдээс асуусан бөгөөд нийт судалгаанд оролцсон иргэдийн 78,8 хувь нь "Монголынхоо ирээдүйд итгэхгүй байна" гэж хариулжээ. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболдын дураараа дургисан байдалд сэтгэл дундуур байгаагаа иргэд бухимдангуй илэрхийлж байсныг тус хөдөлгөөний тэргүүн Б.Ганхуяг хэллээ. "Монголоо аваръя" хөдөлгөөний зүгээс дахин гурван асуултыг төр засгийн удирдлагуудад тавилаа. Нэгдүгээрт, ирээдүйгээ хэдэн төгрөгийн өрөнд тавьсан бэ, хоёрдугаарт, баялагтай монгол үгүйрлээс гарахад хэдэн жил хэрэгтэй вэ, гуравдугаарт, иргэн хүн хэзээ эх орондоо эзний ёсоор амьдрах вэ гэдэгт хариулт нэхлээ.

Эрх баригчдаас нээлттэй асуултынхаа хариултыг авахаар 12.30 цаг хүртэл хүлээсэн ч хариугаа авч чадсангүй. Тиймээс тайван жагсаалд оролцогчид Ялалтын талбайгаас Төрийн ордны зүг хөдөллөө. Жагсагчид болоод цагдаа нарын дунд үл ойлголцол үүсч байсан ч газар авалгүй харилцан ойлголцолд хүрсэн юм. Төрийн ордныг нар зөв тойрон хариугаа нэхсэн ч эрх мэдэлтнүүд бүлх залгисан мэт таг чимээгүй байлаа. "Монголоо аваръя" хөдөлгөөнийхөн нээлттэй асуултаа шаардлага болгон иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авахыг хүссэн. Жагсагчид Төрийн ордон руу оймсоо шидэж, хариугаа авахаар хашгирч байгаа нь ч харагдсан. Ингэж бухимдлаа илэрхийлсний дараа УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Амаржаргал иргэдийн шаардлагыг хүлээн авлаа. Энэхүү албан бичигт УИХ-ын дарга З.Энхболдыг ёс зүйтэй байх, хуулийн хариуцлага хүлээж огцрохыг шаардсан байна. "Монголоо аваръя" хөдөлгөөн болон жагсагчид шаардлагын хариугаа энэ сарын 11-ны өдөр эргүүлэн авах юм байна.

Улаан Туг