“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нууц дүрс, бичлэг энэ оны нэгдүгээр сард цахимд тарсан. Энэ асуудал өнөөдрийг хүртэл олны анхаарлын төвд байгаа билээ.

“Hero” энтертайментийн захирал, найруулагч Б.Баатар тухайн дүрс, бичлэгийг зориуд цацаагүй, “алдагдсан” гэх тайлбарыг өгч хулгайлсан хүмүүсийг олуулахаар цагдаад өргөдөл өгсөн” тухай хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэж байсан. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас тухайн бичлэгийг гадны нөлөөгүй алдагдсан гэж үзсэн бөгөөд ийм дүгнэлт гарсан учраас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр хугацаагаар гаргахгүй болж байгаа тухай П.Анужин түрүүхэн хийсэн хэвлэлийн хурлаараа онцолсон. Харин түүний энэ мэдээллийн дараа “Hеrо” энтертайнментийн ажилчид мэдээлэл хийв.

“Hеrо” энтертайнментийн ерөнхий редактор н.Батзориг “Нэвтрүүлгийн бичлэг алдагдсан өдрөөс эхлэн манай хамт олон Оюуны өмчийн газар болон Цагдаагийн Ерөнхий газарт хандаж, хулгайлсан хүмүүсийг олох хүсэлт гаргасан боловч гадны нөлөөгүй гэсэн дүнгнэлт гарлаа. Мөн сая тус нэвтрүүлгийг санаачлагч, редактор П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр хугацаагаар хааж байгаа тухай мэдээллээ. Энэ нэвтрүүлэг бол дан ганц түүний өмч биш бөгөөд “Hеrо” энтертайнментийн захирал Б.Баатар болон П.Анужин нарын санаачлагаар хийгдэж байсан билээ. Тиймээс П.Анужингийн ганцаараа гаргасан шийдвэр хүчингүй гэж ойлгож болно. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг цаашид илүү сайн чанартай хийхийн тулд “Дэлхийн монголчууд” гэх нэрээр үргэлжлүүлэх гэж байна. Бид эхний хоёр дугаараа хийгээд эхэлчихсэн байгаа" гэлээ.