Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү зэрэг соёлын биет өвийг хураан авчээ
43 минутын өмнө
Түүх, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын горимыг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн шалгасан талаар Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

Хэргийн газрын үзлэг, шалгалтаар зөрчлийн хэрэгт холбогдогчдын эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, 3 ширхэг мөнгөн ембүүний хугарсан хэсэг, 1 ширхэг мөнгөн гулдмай зэрэг соёлын биет өвийг хураан авч, холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр түр хадгалж байгаа аж.
Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчлийн хэрэгт холбогдогч иргэнийг түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн, хадгалсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бэлэн бусаар төлүүлэн шийдвэрлэсэн байна.
Иргэд та бүхнийг түүх, соёлын биет өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж, соёлын өвтэй холбоотой аливаа зөрчил, хууль бус үйлдлийг холбогдох байгууллагад мэдэгдэхийг зөвлөв.






