УИХ-аар "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд" өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар энэ цаг үед ярилцаж байгаа. Энэхүү асуудалтай холбогдуулан өчигдөр Монголын оюутны холбоо УИХ-ын гишүүдийг Монголд хийж байгаагүй жагсаал хийнэ шүү хэмээн "Сүрдүүлээд" авлаа.  Оюутны далан мянгын асуудал гишүүдийн дунд нэлээдгүй маргаан дагуулж буй.

УИХ-ын гишүүн С.Баярцогт "дээд сургуулиуд өөрийн байртай, нийт багш нарын 80 хувь нь сургуулийн үндсэн багш, компьютерийн лаборатори, биеийн тамирын заалтай байна гэх зэрэг шалгуур тавих нь зөв. Энэ дөрвөн жилд ийм шинэчлэл хийнэ. Социализмын үед улаан шугам гэж байсан. Дэлхийн хэмжээнд их сургуулиуд олон улсын рейтингээ жил болгон гаргадаг. Тэр жишгийг Монгол Улсдаа хэрэгжүүлнэ" гэж чуулганаар хэлээд авсан.

Сурлагатай оюутанд нь 96 манган төгрөг бусад нь далан мянгаа авах уу хэмээн ялгавартай олгох уу, эсхүл нийтэд нь олгох уу гэдэг асуудлыг одоогийн байдлаар Засгийн газар болоод УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа юм. Зарим гишүүдээс 70 мянган төгрөгийг олгохдоо сурлагын чанар, их, дээд сургуулийн сургалтын орчинг харгалзах ёстой гэдэг санал ч гараад байгаа.

Гэтэл үүнийг сургаар л Монголын оюутны холбоо /МОХ/-ны тэргүүн н.Мөнхбат “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийг буцаах. Хоёрдугаарт, үндэсний тэтгэлэг олгох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа МОХ-ноос санал авч байх. Гуравдугаарт, үндэсний тэтгэлгийг хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр 2014 оны Улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авах гэсэн шаардлага хүргүүлж байна. Хэрвээ бидний тавьсан шаардлагад 11 дүгээр сарын 15-ны дотор албан ёсоор хариу ирүүлэхгүй бол жагсаал хийнэ" гэж мэдэгдсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Түүнчлэн МОХ-ын нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл "Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын ихэнх нь сурах эрмэлзлэлтэй байгаа боловч төлбөрөө төлөх чадваргүй байдаг. Бидний хийсэн судалгаагаар оюутнууд 70 мянгыг сургалтын төлбөртөө нэмэрлэж байгаа гэж гарсан юм. Үндэсний тэтгэлгийг хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр ирэх жилийн төсөвт тусгах гэсэн албан бичгийг хүргүүлж байна. Хэрвээ бидний тавьсан шаардлагын хариуг 11сарын 15-ны дотор өгөхгүй бол жагсаал хийнэ" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Монголын оюутны холбоо /МОХ/ оюутны эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолой болсон байгууллагынхаа хувьд монголын нийт оюунтнуудын өмнөөс дуугарах нь зөв. Гэхдээ нөгөө талаас нь авч үзэхэд тэтгэмж тэтгэлийг өгсөнгүй, автобусанд үнэгүй явуулсангүй, сургалтын төлбөр хөнгөлсөнгүй гэж жагсаал, цуглаан хийж байхын оронд Оюутнуудаа хичээлийн сурлагын чанар, сурах орчин нөхцөл болоод номын сангаар хангалуулах талаар анхаарлаа хандуулж уриалга гаргавал дээр л баймаар. Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй гагцхүү МОХ улс төрөөр хөцөөлддөг хэдэн нөхөд шиг болж хувирах вий гэдгийг сануулмаар санагдав.

Х.Даваа