Олон улсын Арбитрийн шүухээс “Марубени”-гийн хэргээр Монгол Улсад анх зарлан дуудах хуудас ирүүлсэн байдаг. Үүнээс хойш тус шүүхээр манайхтай холбоотой таван хэрэг хэлзлцэгдэж, шийдвэрлэгдсэн нь олон нийтэд ил болсон билээ.

Гэхдээ Олонулсын Арбитрийн дүрэмд Арбитрийн хэргүүд нууцын зэрэглэлд багтдаг бөгөөд хэргийг шүүхээр эцэслэн шийдээгүй байхад олон нийтэд мэдээлэхийг хориглодог. Тиймээс өдгөө Монголтой холбоотой хэчнээн хэрэг тус шүүхэд 

хянагдаж буйг мэдэх боломжгүй юм. Харин өмнө нь Монгол Улс юуны учир тус шүүхэд дуудагдаж байсан талаар товч мэдээлэл хүргэе.

АНХ 18 САЯ АМ.ДОЛЛАРЫН АСУУДЛААС БОЛЖ АРБИТРТ ДУУДАГДАЖ БАЙВ
Хамгийн анх “Буян”-ийн Б.Жаргалсайхан олон улсын шүүх рүү Засгийн газраа “илгээсэн”байдаг. Одоогоос 15 жилийн өмнө “Марубени” корпорациас “Буян” компани зээл авчээ. Үүнийхээ төлбөрт 23 сая ам.доллар төлөх байв. Гэвч дээрх мөнгөний үлдэгдэл 18 сая ам.долларыг төлөхгүй удсанаар “Марубени” корпораци Монголын Засгийн газрыг Английн шүүхэд дуудаж байжээ. Энэ хэргийг Лондон дахь арбитрын шүүх хэлэлцэж Монгол Улсын Засгийн газарт уг хэрэг ямар ч холбогдолгүй гэсэн шийдвэрийг 2005 онд гаргасан. Ингээд Засгийн газар “Марубени” корпорацид өр төлбөргүй болж байв.

ДЦС-3 БА ИТАЛИЙН “АЛСТОМ ПАУЭР”
Италийн “Алстом Пауэр” компани “ДЦС-3”-т тоног төхөөрөмж нийлүүлсэн төлбөрөө авч чадалгүй 2007 онд Арбитрын шүүхэд хандаж байжээ. Хоёр тал эвлэрснээр энэ хэрэг манай талд нааштай шийдэгдсэн байдаг.

КАНАДЫН “ХАН РЕСУРС”-ИЙН ЛИЦЕНЗ
Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани манай Засгийн газраас 285 сая ам.доллар нэхэмжилсэн. Дорнодын ураны орд дахь тусгай зөвшөөрлийг нь цуцалснаас үүдэлтэй гурван жил үргэлжилсэн энэ маргааныг тухайн үед олон улсад “хуйвалдаан” хэмээн нэрлэж байв. Учир нь канадчууд Дорнодын орд газрын лицензийг Оросын Засгийн газарт өгөх гэж Монголын Засгийн газар хууль бусаар лицензийг нь цуцалсан хэмээн нэхэмжлэлдээ дурдаж байсан юм. Үүнийгээ ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан. Ийнхүү хардах үндэслэл канадчуудад байсан. Тухайн үед ОХУ-ын албаны хүмүүс манай улсад уцаа дараа хийсэн айлчлалын үр дүнд тэдний лицензийг цуцалж, Орос, Монголын хамтарсан “Дорнод уран” компанийг байгуулсан юм.

Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани 2009 онд Монгол Улсын Засгийн газрыг ураны лицензийг нь цуцалсантай холбогдуулан олон улсын Арбитрийн шүүхэд хандсан байдаг. Улмаар Нидерландын Хаагд болсон шүүх хурлаар Монгол Улсын Засгийн газар болон Мон Aтом ХХК “Хан ресорус”компанид 100 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан юм.

ТӨМӨРТЭЙН ОРДООС ҮҮДЭЛТЭЙ МАРГААН
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордод 216 га талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз эзэмшиж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЛТ” компани 2010 онд Арбитрын шүүхэд хандсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байсан тус ордын лицензийг тухайн үед үйлдвэрийнх нь захирлаар ажиллаж байсан эрхэм “БЛТ” компанид шилжүүлсэн байжээ. Үүнийг Засгийн газраас хууль бус хэмээн үзэж Төмөртэйг стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад оруулж, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Английн хууль зүйн фирмийн өмгөөлөгчдийг өндөр үнээр хөлсөлсөн “БЛТ” компанийнхан “Ашиглалтын лиценз хураасан нь Хятад, Монголын Засгийн газрын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг зөрчсөн” гэж 2010 онд Арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа.

МОНГОЛ УЛСААС ТЭРБУМ АМ.ДОЛЛАР НЭХЭМЖИЛСЭН НЬ
“Алтан дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушок Монгол Улсын Засгийн газрыг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар авах нэрийдлээр шударга бус үйл ажиллагаа явуулсан, 68 хувийн татвараас ялгаварлан гадуурхсан гэж үзэж нэг тэрбум ам.доллар нэхэмжилж 2007 онд Олон улсын арбитрын шүүхэд хандсан. Шүүх хурал 2009 оны тавдугаар сард ХБНГУ-ын Франкфурт хотноо болж, тэдний гомдлыг үндэслэлгүй хэмээн үзсэн. Хоёр жил үргэлжилсэн энэ маргаанд Засгийн газар таван тэрбум төгрөг зарцуулсан байна.

ӨМНӨД АФРИКИЙН “СТАНДАРТ” БАНКНЫ ЗЭЭЛ
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний буюу 109 сая ам.долларын зээл авсан “Жаст” компанийн хэргээс болж Өмнөд Африкийн “Стандарт” банк манай Засгийн газрыг 2010 онд Арбитрын шүүхэд өгсөн. “Стандарт” банкны нэхэмжлэлийн дагуу Лондоны Арбитрын шүүх “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар, Засгийн газрыг хариуцагчаар татсан. Шүүхийн тов одоо хүртэл тодорхойгүй байгаа. Мөн нэг хэсэг шуугиан дагуулж “Жаст” группээс эхлээд хэд хэдэн банкны дампууралд нэр холбогдоод байсан Олон овоотын уурхайн лицензийг барьцаалан их хэмжээний зээл олгосон “Голдман сакс” хөрөнгө оруулалтын банк 2010 онд Монголын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж байсан юм. Тэд манай Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирүүлсэн албан бичигтээ эвээр зохицож чадахгүй бол Арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдэж байлаа. Гэвч тухайн үед “Монгол газар” компанид зээл олгохдоо алтны уурхайн лицензийг барьцаалсан, “Голдман сакс интернэйшнл холдинг” гэх охин компанийнхаа нэрээр зээл олгосон нь хууль зөрчсөн хэмээн ЭБЭХЯ үзэж барьцаанд байсан Олон овоотын лицензийг буцаасан. Харин “Голдман сакс” манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн эсэх нь тодорхойгүй үлдсэн юм.

“УРТ НЭРТ” ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЗАРИМ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИ АРБИТРИЙН ШҮҮХЭД ХАНДАЖ БАЙВ
“Урт нэрт” хэмээн бидний нэрлэдэг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бухий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малгмал хайх, ашишахыг хориглох тухай хууль мөн л Монгол Улсыг олон улсын шүүхийн танхимд хүргэж байв. Бодлогодоо нийцээгүй хууль хэмээн гадаадын хөрөнгө оруулагчдын нэрлэж буй энэ хуулиар алтны шороон ордын 242 компанийн лицензийг хураасан бөгөөд үүний 103 нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, зургаа нь хамтарсан, 28 нь гадаадын хөрөнгө оруулалтгай компани аж. Тэдний ихэнх нь нөхөн төлбөр шаардаж, эсвэл хуулиа өөрчлөхийг санал болгож буй. Гадныхан Монголын Засгийн газар ямар шийдвэр гаргахыг хүлээсээр, тэсвэр нь барагдсан бололтой, хэд хэдэн компани Арбирт хандахаа амаар мэдэгдээд байгаа аж. Тодруулбал, Дорноговь аймгийн Цагаан элс, Зүүнбаян хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен Монгол” гэх компани Арбитрт хандаад байгааг эх сурвалж хэлж байна. Үүнээс гадна БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хоёр, Канадын хөрөнгө оруулалттай нэг компани Арбитрт хандана гэдгээ хэлсэн боловч, яг хандсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Дашрамд дурдахад, Арбитр гэдэг нь гол төлөв бизнесийн, иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэх зорилготой, талуудын хүсэл зориг, гэрээгээр тохирон бий болдог, мэргэшсэн, илүү шуурхай, хямд, уян хатан, гарч байгаа шийдвэр нь албадан гүйцэтгүүлэх боломжтойгоороо онцлогтой. Талууд ямар нэг гэрээ байгуулахдаа маргаан гарвал яаж шийдэхээ заадаг. Арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн байвал өөр гуравдагч талуудын хэлэлцэн сонгосон этгээд хараат бусаар маргааныг тасална гэсэн үг. Түүнийг шүүгч биш харин арбитрч гэдэг. Арбитр нь байнгын болон тур гэсэн хоёр төрөлтэй. Байнгын гэдэг нь аль нэг байгууллагын дэргэд байдаг. Жишээ нь манайд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд арбитр ажилладаг бол олон улсад Лондонгийн олон улсын арбитрын шүүх гэх мэтээр байдаг. Түр гэдэг нь зөвхөн тухайн маргааныг шийдэхийн тулд талууд хуралдах газар болон арбитрчаа сонгож шийдвэрлүүлж байна гэсэн үг

 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/