Рояаль” Олон улсын дээд сургуулийн Гүйцэтгэх захирал Ц.Бүжидмаатай тус сургуулийн талаар болон боловсролын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-Хичээлийн шинэ жил хуучраагүй  байгаа энэ үед боловсролын салбарын төлөөлөл болгон тантай ярилцах болсондоо таатай байна. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Жилийн 365 хоногт олон сайхан тэмдэглэлт өдрүүд тохиодог. Оюутан залуучуудын хувьд анги хамт олонтойгоо уулзахыг тэсэн ядан  хүлээдэг сэтгэл догдлуулсан баяр бол 9 дүгээр сарын 1 байдаг. Багш нар бидний хувьд ч гэсэн энэ өдрийг сэтгэл гэгэлзэн хүлээдэг. Миний хувьд боловсролын салбарт 1992 оноос хойш 25 гаруй жил ажиллаж байна.  Уралын Их сургуулийг Философийн багш мэргэжлээр  төгсөж ирээд Боловсролын яамны дэргэдэх “Боловсролын хүрээлэн”, Улс төрийн Боловсролын Академи, “Их засаг”, ШУТИС зэрэг боловсролын байгууллагуудад ажилласан байна. Энэ хугацаанд  “Монгол боловсролын философи” сэдвээр “Боловсрол судлал”-ын докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн үед Төрийн удирдлага, төрийн захиргааны шинэчлэлийн чиглэлээр мэргэшиж, судалгаа хийж байна.

- Та шинэ ажил хүлээж аваад удаагүй байгаа гэж сонссон. Ажилтайгаа танилцаж амжив уу?

 - Би Рояаль Академид 2011 оноос гэрээт багш, Удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Рояаль гэдэг их гэр бүлийн гишүүн,  хүчирхэг хамт олны нэгэн эд эс нь болж яваадаа үргэлж бахархаж явдаг.  Сарын өмнө Рояаль  Академийн гүйцэтгэх захирлаар  томилогдлоо. Тийм болохоор энэ хичээлийн жил шинэ ажил гэхээсээ  “шинэ санаа”-гаар дүүрэн өдрүүдээр эхэлж байна. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн өөрийн гэсэн онцлог дүр төрх бүхий, шилдэг сургуулийн үйл ажиллагааг удирдаж авч явна гэдэг асар том хариуцлага юм.

-Юунаас эхэлж юун дээр илүүтэй төвлөрч ажиллах вэ?

- Рояаль Академи арвин баялаг туршлагатай, амжилттай яваа хамт олон. Бид энэ хичээлийн жилд өмнөх ололт амжилтаа бататгаж, хөтөлбөрийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, багш оюутны эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулж, судалгааны сургууль болох, оюутны хөгжлийг дэмжсэн олон улсын жишигт нийцсэн сургалтын орчинг бүрдүүлж, ажиллах зорилт тавьсан Сургуулийн шинэ байр  ирэх 10 дугаар сард  ашиглалтад орно. Бид Монгол улсын дээд боловсролын салбарт ялгарахуйц шинэ өнгө төрх бүхий орчин бүрдүүлнэ  гэж бодож байгаа. Ер нь сургууль гэдэг бол оюутнууд зөвхөн хичээлд суух гэж ирдэг “БАЙШИН” биш.

Шинэ сургалтын байр маань цахим номын сан, оюутны хөгжлийн төв, мөн онлайн сургалтын танхим гээд орчин үеийн оюутан төвтэй сургалтын бүхий л орчин бүрдсэн байх юм. Оюутнууд сургалтын албаны гадаа дугаарлаж зогсдог гэх мэт байдал манай сургуульд байхгүй болно.

 

 

-Рояаль Академи нь өөрөө онцлогтой сургууль. Монгол улсын хамгийн анхны Олон улсын сургууль гэдэг утгаараа хөтөлбөрийн онцлог давуу талууд олонтой. Энэ талаар хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье?

- Европын Бизнесийн Ассамблейн олон улсын шилдэг байгууллага Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын дээд сургууль /РОУДС/нь АНУ-д төвтэй IAO олон улсад магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж олон улсад магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллага юм. Манай оюутнууд АНУ, БНСУ, Япон, Их Британий сургуулиудын 2+2, 1+1 хөтөлбөрүүдэд хамрагдаж хос дипломтой болох боломжтой. Манай бакалаврын сургалтын хичээлүүд  бүгд англи хэл дээр явагддаг. Ингэснээр тухайн оюутан мэргэжлээ эзэмшээд төгсөхийн зэрэгцээ англи хэлийг төгс эзэмших давуу талтай.

-“Боловсрол гэдэг ертөнцийг өөрчлөх хамгийн хүчтэй зэмсэг” гэдэг. Үүн лугаа Рояаль Олон улсын дээд сургууль нээгдсэнээр олон улсад Монголынхоо боловсролыг таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа болов уу?  

-Тэгэлгүй яахав. Бидний эрхэм зорилго "Төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэгч, дээд боловсролын сургалт эрхэлдэг судалгаа консалтингийн олон улсын төв болох" явдал юм. Цаашид урт хугацаандаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн  хөтөлбөр бий болгож, хэрэгжүүлснээр бид Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож чадна. Магадгүй энэ маань бидний нүүдлийн соёл иргэншлийн онцлогт суурилсан ч байдаг юм уу, эсвэл Чингис хааны менежментийн онцлог гэдэг ч юм уу, өөрөөр хэлбэл манай хөтөлбөрт суралцах гэж улс орнуудаас гадаадын оюутнууд ирдэг байх юм. Энэхүү үндэсний хөтөлбөр маань олон улсад магадлан итгэмжлэгдэх  тэр өдөр ойрхон байгаа гэдэгт итгэж байна. Өнөөдөр монгол хүүхдийн IQ яагаад өндөр байна. Яагаад олон улсын тэмцээнээс хамаг медалийг нь хамж аваад байна. Энэ чинь бас асуудал шүү дээ.  Монголчуудын өрх гэрийн боловсрол, уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд бидний ойшоохгүй хаясан олон нууц байгаа.  Өрнө дорнын соёлын огтлолцол дээр амь бөхтэй оршин тогтнож чадаж байгаа Монгол хүний ур ухаан гэж гайхамшигтай зүйл байна. Энэ бүхнээс авах юмыг нь авч өнгөлж, зүлгээд Монголын боловсролын сайн хөтөлбөр бий болгоход болохгүй зүйл байхгүй.     

Нөгөө талаар Рояаль Академийн хувьд манай сургуулийн 2+2 хөтөлбөрөөр гадаадын нэр хүндтэй сургуульд суралцсан төгсөгчид маань олон улсын нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж, Монгол хүний, Монгол залуучуудын мэдлэг боловсрол ямар төвшинд хүрснийг харуулж чадаж байна.

Шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

"Шинэчлэлийг шинэ хүн хийдэг" гэж алдарт үг байдаг юм. Өөрөөр хэлбэл шинээр харж сэтгэж, шинэ менежмент нэвтрүүлнэ гэсэн үг. Манай сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, оюутны “Passion” зарчим, сургалтын “spices” зарчим гэж байдаг. Энэ бүхэнд манай сургуулийн үнэт зүйлс шингэсэн байдаг. Түүнээс гадна бид энэ жилд  “итгэл, хүндэтгэл, хамтын ажиллагаа, хариуцлага” гэдэг хэдхэн зүйлээр сэтгэл нийлж ажиллахаар тогтсон.  Бид оюутанд чиглэсэн чанартай үйлчилгээ хүргэж, хариуцлагатай ил тод үйл ажиллагаа явуулна. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд багш  нар төдийгүй оюутан ч сурах хариуцлагаа ухамсарласан байх ёстой. Бидний эцсийн зорилго бол төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх явдал юм. Шилдэг удирдагчдыг бэлтгэж байгаа сургуулийн орчин, байгууллагын соёл өөр байх ёстой. Өнөөдөр манайд менежментийн  чиглэлээр бэлтгэдэг олон сургууль байна. Тэднээс  бидний ялгарах зарчим энэ юм. 

-Багшлах боловсон хүчний тухайд?

-Гадаад дотоодын өндөр мэдлэг ур чадвартай  багш нар манайд ажилладаг. Нийт багш нарын 90 гаруй хувийг Америк, Англи, Энэтхэг, Филиппин, Нигер, Австрали улсын дадлага туршлагатай багш нар эзэлдэг.

 

-Боловсрол судлаач хүнтэй уулзаж байгаагийн хувьд, Монголын боловсролын тогтолцооны талаар асуумаар байна л даа. Ер нь манай боловсролын чадамж хэр байна вэ? Бид боловсролын системээ өөрчлөх хэрэгтэй гээд л ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Санал нийлнэ. “Боловсрол гэж юу вэ”  гэхээр “Бие хүний нийгэмд ажиллаж амьдрах  мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагын цогц”. Ихэнх хүмүүс боловсрол гэдэг үгийг дээд сургуулийн дипломоор ойлгодог. Энэ биш. Аль нэг дээд сургуулийн диплом эсвэл олон диплом өвөртөлсөн хүнийг “өндөр” боловсролтой хүн гэхгүй. Энэ бол тухайн хүний үнэлэмжийн баримжаа, нийгэмд ажиллаж амьдрах чадварын талаарх ойлголт юм. Нөгөө талаас иргэн төлөвшүүлэх үйл явц бүхэлдээ “боловсрол” гэдэг ойлголтод хамаардаг. Манай боловсролын салбарыг их шүүмжилж байгаа. Гэтэл дан ганц боловсролын салбар, сургууль, багш нарт буруу байгаа юм биш. Энд төрийн бодлого, нийгмийн орчин гээд бүх зүйлийг ярих ёстой. Энэ талаар яривал их цаг орно.

Нэг хэсэг бид цээжилдэг хүмүүсийг бэлтгэдэг байсан. Ингэхээр тэдний сэтгэн бодох,  бүтээлч чанар нь үгүй болсон. Одоо бид үүнийгээ өөрчлөх цаг нь ирсэн. Бага дунд боловсролоос эхлэх ёстой. Үүний зэрэгцээ боловсролын бодлогын залгамж чанар алдагдсан. Энэ бүр үндэсний аюулгүй байдалд хүрэх хэмжээнд очсон гэхэд хилсдэхгүй. Засгийн газар тогтвортой биш, сайд солигдох болгонд бодлого өөрчлөгддөг байдал боловсролын салбарын доройтлын гол шалтгаан. Ер нь бол хүн хүүхдээрээ тоглоод байдаггүй биз дээ. Төр муу менежер гэдэг шиг боловсролын салбар маань яг үүнтэй адилхан болчихсон. Сайд болгон өөр бодлого барьж байна. Бид боловсролын бодлогыг тогтвортой хангаж байж амжилтад  хүрнэ. 

Сургууль боловсролын байгууллагууд яаж өөрчлөгдөх ёстой вэ гэвэл, сургуулийн орчин буюу хаалга онгойлгоод ороход оюутныг угтан авах орчин, стандарт нь  ямар байх ёстой юм яг  тэндээс л өөрчлөлт шинэчлэлтийг эхлэх ёстой. 

Мөн оюутанд үзүүлэх үйлчилгээ нь хомс, оюутнууд нь сургалтын албаны гадаа дугаарлаж зогсдог, ийм дүр төрх байж болохгүй. “Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлуулна” гээд бид Үндсэн хуулиндаа тунхаглачихсан. Энэ зарчмын дагуу ажиллаж, амьдрах, улс орноо хөгжүүлэх мэргэжилтнийг бэлтгэж, төлөвшүүлэхэд сургуулийн орчин ихээхэн нөлөөлдөг. Сургалтын зохион байгуулалт, өртөг, сургалтын хөтөлбөр хэрхэн шинэчлэгдэж байгаа ямар мэргэжил боловсролтой багш нар хичээл зааж байгаа, оюутны оролцоог хэрхэн хангах гээд сургуулийн үйл ажиллагаа оюутанд ил тод байх ёстой. Сургалттай холбоотой мэдээлэл авах боломжгүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй, судалгаа, эрэл хайгуул хийдэггүй ийм орчинд оюутны хөгжлийг дэмжинэ гэж ярих боломжгүй юм.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлийг тээсэн эрх чөлөөт иргэн, сайн мэргэжилтэн, шилдэг удирдагчдыг бэлтгэхийн тулд Их дээд сургуулиуд өнгө төрхөө өөрчлөх цаг нь ирсэн. 

 

 

-Таны хэлж байгаагаар боловсролын системийн үр өгөөжөөс нийгмийн хөгжил хамаардаг гэсэн үг үү? Тэгвэл энэ бүхнийг  өөрчлөхөд яг юунаас эхлэх ёстой юм бэ?

-Тэгэлгүй яахав. Боловсролын салбар нийгмийн тусгал нь болж байдаг. Нийгмээ өөрчилье гэвэл боловсролын салбараас эхэлнэ. Бид ямар мэргэжилтнүүдийг бэлтгэж, бид ямар оюутан төгсгөж байна, тэр төгсгөгчид нь эргээд нийгмээ хөгжүүлнэ. Улс орнуудын хөгжсөн байдлыг аваад үзэхэд, мундаг инженерүүд улс орныхоо хөгжилд ихээхэн байр суурийг эзэлдэг.  Ний нуугүй ярихад,  гаднын улс орнуудын  инженерүүд ямар их зүйлийг бүтээсэн юм бэ, хэчнээн давхар байшин барилга барьсан юм бэ, гайхалтай шинэ технологийг нээжээ гэж өөрийн эрхгүй  бодогддог.  Манайд шилдэг сайн инженерүүд, шинэ санаа бүтээлүүд байна аа байна. Гэхдээ бид юу бүтээв.  Жишээ нь миний ширээн дээр монгол хүний хийсэн нэг ч бүтээл алга. Бидний амьдралын стиль бараг л хэвээрээ, бид шинээр сэтгэж, шинэ зүйл бүтээж амьдрахгүй байна.

Монголчуудын  аргал түүдэг технологийг аваад үзье л даа. Араг, савар гэсэн энэ технологи хэдэн зуун жилийн өмнө  байж л байсан. Нэг талаас энэ бол бидний уламжлал, дэлхийн хаана ч байхгүй үнэт зүйлийн маань нэг хэсэг мөн л дөө.  Гэхдээ л үүнийг өнөөдөр хүртэл хэн ч өөрчлөөгүй байна. Гэтэл гаднынхан манай аргалыг аваад өөр бүтээгдэхүүн хийгээд буцаагаад бидэнд хэдэн мянган доллараар зарж байх жишээтэй. Бид бүх юмыг бэлэнчилдэг болсон. Одоо малчид маань олс дээсээ томохоо больсон. Хятадын хямдхан уяагаар гэрийн бүслүүр, оосор бүчээ орлуулдаг болсон гэж нэг хүн халаглан ярьж байхыг би сонссон. Харамсалтай. Өөрөөр хэлбэл бид үйлдвэрлэдэг, бүтээдэг биш хэрэглэдэг соёл руу л яваад байна. Шинэ технологи бүтээдэг, нийгмээ хөгжүүлэх  бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд  их дээд сургуулиудын нэг том зорилго оршино. Монголчууд техник мэргэжлийн сургуулиа устгаснаар том уналт руу орсон гэж гаднын болоод манай үндэсний судлаачид дүгнэдэг. Энэ нь оргүй яриа биш. Манайд үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан энэ.

Мөн төрийн өндөр албан тушаал хашиж буй удирдах ажилтнууд,  улс төрчдийн ёс зүй нийгмийн хариуцлага, улс төрийн манлайлал гэж үгүй болсон. Энэ үнэт зүйлийг бид сурч байхад нь суулгах ёстой. Би оюутнууддаа “Дарга дагаж гүйдэг, дарга дагаж дарга болдог энэ буруу системийг та нар устгах ёстой. Улс нийгмийнхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй, авилгаас ангид, шударга төрийн түшээдийн армийг та нар бүрдүүлэх ёстой” гэж  хэлдэг юм. Ер нь бол сургуулийн танхимд юу яригдаж байна, хичээлийн агуулгаар юу өгөгдөж байна гэдгийг сургалтын орчин нь дэмжиж эдгээр нь нэгдмэл болж байж боловсролын зорилго биеллээ олно. Жишээ нь, би хүүхдэдээ “Шударга бай” гэж хэлчхээд  өөрөө шударга биш байвал утгагүй биз дээ. Жишээ нь, сургууль ямар үнэлэмж, үнэт зүйлийг төлөвшүүлж, суулгаж, ямар мэдлэг, хандлагатай болгох гээд байгаа юм гэдгээ багш өөрийнхөө өгч буй мэдээлэл, харилцаа хандлагаар, сургууль сургалтын орчноор, удирдлагууд нь бодлогоороо дамжуулж хүргэх ёстой юм. Боловсролын агуулга ямар байна вэ, соёлын бодлого агуулга түүнтэй нэгдмэл байх ёстой. Өөрөөр хэлбэл бид танхимд шударга ёсны тухай мянга яриад, нийгмийн орчин шударга бус, улс төрчид нь авилгатай холбогдсон, хүчирхийлэл их байвал бидний зүтгэл талаар болно. Ийм л цогц бодлого боловсролын салбарт хэрэгтэй байна.  

 

- Таны хувьд эмэгтэйчүүдийн манлайлал сэдвээр их ярьдаг, илтгэл тавьдаг шүү дээ. Ярианыхаа төгсгөлд манлайлагч эмэгтэйчүүддээ хандаж юу хэлэх вэ?

 - Монголчуудын түүхэнд хүнд бэрх цаг үе их байсан. Одоо ч нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Энэ бүхэнд тэсч тэвчиж, амьдралыг нуруундаа үүрч явсан айл гэрээр бол өрх гэрийн тулах баганын нэг бол эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд манлайлах чадвараараа эрчүүдтэй яг ижил гэж гаднын эрдэмтэд судалгаагаар нотолсон байдаг. Манай эмэгтэйчүүд удирдах, дунд төвшний аль алинд нь ажиллах чадвартай хүмүүс. Тиймээс эмэгтэйчүүддээ хандан хэлэхэд, эмэгтэй удирдагчийн онцлогийг харуулсан удирдлагын менежментийг бий болгоорой гэж хэлье. Эрэгтэйчүүдээс ялгарах эмэгтэйчүүдийн манлайлал бол хүмүүнлэг, “Яруу” байх юм болов уу. Zindaa.mn сайтаар  дамжуулаад тэдэндээ аз жаргал,  амжилтын дээдийг хүсье.

Ярилцсанд баярлалаа. 

Ш.Адъяамаа