Жил бүрийн наймдугаар сарын эхээр шинэ ургацын ногоо түрүүчээсээ гарч ирдэг. Зарим нь бүр долдугаар сарын сүүлчээр шинэ ургацын ногоо Улаанбаатар хотын гудамжинд гаргаж тавьдаг. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу.  За тэгээд есдүгээр сарын дунд үеэс эхлээд нийслэлд нутаг нутгийн шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа гардаг байлаа.

Гэтэл энэ жил юун үзэсгэлэн худалдаа манатай. Сураг ч алга. Зах, худалдааны төвүүдээр мэр сэр шинэ ургацын ногоо үзэгдэж байна билээ. Мөн энд тэнд шинэ ургацын ногоо зарж байгаа сүүдрэвчнүүд байгаа. Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол шинэ ургацын ногооны сураг ч алга гээд хэлчихэд сүржигнэсэн болохгүй байх.

Уг нь бид чинь шинэ ургацын ногоо идчихмээр л байна шүү дээ. Энэ жил орон даяар ган болсон. Хүнсний ногоо нь битгий хэл юу ч ургаагүй газар олон байна.  Монгол орны хэмжээнд 50 хувь ургац алдсан гэсэн албан бус тоо ч гараад байгаа.

Тийм болохоор шинэ ургацын ногоо бага байх нь аргагүй биз. Арай ч нүдний гэм гэж хэлэх нь өрөөсгөл. Гэхдээ л өмнөх жилүүдтэй харьцуулшгүй бага байна. Тиймдээ ч үнэ өртөг нь дийлдэхээ болих шинжтэй. 500 төгрөгийн үнэтэй байдаг төмс 1000-1200 хүрч байна.

Лууван, манжин бол ярилтгүй. 2000 давсан, 3000 шахсан үнэтэй байгаа. Одоо яая гэхэв, нэгэнт л ган болж, ургац алдсан хойно. Ногоогоо ургуулсан хэд нь үнэтэй зарах нь зах зээлийн хууль. Гэхдээ зах зээлийн хуулийн хажуугаар манайхны их ашиг олох гэсэн шунаг сэтгэл бас нэрмээс болоод байх юм. Энэ жил Сэлэнгэ зүг рүү гайгүй зун болсон. Хэдийгээр ургац алдсан ч гэсэн яадгаа алдчихаагүй.

Гэтэл тэр зүгийн ногоочид төмс, хүнсний ногоогоо намар хямд үнээр зарахгүй гэнэ. Ногоо тарьдаг танил маань ч тийм үг унагаж байна билээ. Тэд намартаа бага сага зараад, ихэнх ногоогоо зооринд дарах бололтой юм. Тэгээд хавар гаргаж ирээд төмсөө 2000, хүнсний ногоогоо 3000 давсан үнээр зарахаар төлөвлөж байгаа гэсэн.  Өргөст хэмх, амтат чинжүү гээд нарийн ногоо бол бүр л үнэд орно, ойлгомжтой. Мэдээж зунжин тордож ургуулсан ногоогоо үнэтэйхэн зараад, ахиухан ашиг олохыг хэн хүнгүй л бодож таараа.

Тийм болохоор ногоочдыг буруутгах арга байхгүй.  Харин энэ сиймхийгээр нь баахан хятад ногоо ороод ирэх вий дээ. Хэдийгээр гаднаас ногоо, оруулж ирэхгүй гэсэн чиглэл салбар яамнаас барих төлөвлөгөөтэй ч яг тулсан газар хэцүү. Зарим байгууллагаас үл хамааран хятад ногоо орж ирэх боломж байгаа. Тэгээд Монголд төмс, хүнсний ногоо хомс өнөө жил бол бүр ч боломжтой шүү дээ. 

үргэлжлэлийг эндээс