2015 онд Оросын Nomad.su сайтад Ерөнхийлөгч Владимир Путины хамгаалалтын алба хэрхэн ажилладаг тухай нэгэн сонирхолтой мэдээ нийтлэгджээ.

Өдгөө Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдоод буй В.Путин нь залуудаа Оросын тагнуулд ажилладаг байсан бөгөөд удирдагч болоход төгс бэлтгэгдсэн хүн хэмээдэг.

“Мэргэжлийн алуурчинд боломж үргэлж гардаг” гэсэн үг байдаг. Ялангуяа Орос улсын Ерөнхийлөгч байна гэдэг тийм амар биш. Тэрбээр алхам тутамдаа хөнөөх гэсэн оролдлогуудтай учирдаг аж. Мөн гадны орнуудад айлчлах үеэрх аюулгүй байдлын ажиллагаа хамгийн шилдэг нь байх учиртай. Хэрэв түүний хамгаалалтын алба нэг л алдаа гаргавал Орос улс удирдагчаа алдахад хүрнэ.

1914 онд Белград хотноо герцог Франц Фердинандын амийг мэргэжлийн алуурчин хөнөөснөөр дэлхийн нэгдүгээр дайн эхэлж байсан түүхтэй.

Энэ бүхний үр дүнд Орост хувьсгал гарч эмх замбараагүй байдал эхлэн, эцэстээ Оросын Засгийн газрын эсрэг бослого дэгдэж, дараа нь дэлхийн хувьсгал, социализм, хамтралжуулалт гээд маш олон зүйл өрнөсөн байдаг. Золгүй Фердинандын хамгаалалтын албаны хариуцлагагүй байдал нь Европыг 70 жил, нэг үгээр хэлэхэд бүтэн зуунаар хохироход хүргэсэн гэж болно.

Халдлагаас яаж хамгаалдаг вэ?

ОХУ-ын нэгдүгээр хүний хамгаалалтыг хуучны Зөвлөлт Холбоот Улсын “Аюулаас хамгаалах газар”-ын есдүгээр газар буюу өнөөгийн Холбооны хамгаалалтын албаны хариуцдаг ажил гэнэ.

Энэ албанд “Өрөөлд биш өөртөө л найд” гэдэг зарчим үйлчилдэг.

Төрийн тэргүүн аль нэг бүс нутагт аялах боллоо гэхэд айлчлалаас бүтэн сар хагасын өмнө шинжээчдийн ажил эхэлдэг. Тэнд гэмт хэргийн нөхцөл байдал ямар түвшинтэй, шашин шүтлэг ямар, байгаль орчин, цаг агаар / магадгүй тэнд газар хөдлөлийн төв байх ч юм уу / зэргийг судална. Тэгээд айлчлал болохоос 4-5 долоо хоногийн өмнө тагнуулынхан явж, нөхцөл байдлыг газар дээр нь судалж, хамгаалалтыг хэрхэн явуулах талаар тухайн орон нутгийн тагнууланхантай тохиролцоно.

Тагнуулчид зочид буудал, төрийн тэргүүний зогсох газар, уулзалт, яриа хэлэлцээр болох газруудыг нэг бүрчлэн судалдаг.

Ариун цэврийн өрөөнөөс эхлээд, гэрлийн унтраалга, телевизийн удирдлага зэргийг бүгдийг шалгана. Бүхий л ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийнэ.

Мэдээж техникийн ажилтнууд холбоо харилцааны хэрэгслийн үелзэл, сонсгол, агаарын цэвэр байдлыг, харин бусад мэргэжлийнхэн хүнсний чанар, бусад зүйлсийг шалгана.

Хамгийн сүүлчийн баг бол ерөнхийлөгчийн ойрын дөрвөн хамгаалагч.

Нэг дэх нь төрийн тэргүүний яг дэргэд нь явна. Чихэндээ сонсголын аппараттай, биерхэг залуу гартаа хар чемодан барьж явна. Түүний гол үүрэг бол зайлшгүй тохиолдолд ерөнхийлөгчийг биеэрээ халхлах явдал гэж ойлгож болно. Нэг үгээр хэлбэл ерөнхийлөгчийн төлөө амиа өгөх золиослогч гэж хэлж болох юм.

Хоёр дахь тойрогт энгийн хувцас өмссөн хүмүүс олны дунд байна.

Тэд ямар ч юманд оролцохгүйгээр ерийн л нэг халаасны хулгайч шиг төрхөөр сэжигтэй хүмүүсийг харуулдаж явдаг.

Гурав дахь тойрог нь хүмүүсийн хөдөлгөөн дунд байж, сэжигтэй, танхай хүмүүсийг олны дунд оруулахгүй байх үүрэг хүлээдэг.

Хамгийн холын буюу дөрөвдэх эгнээнийхэн бол төрийн тэргүүний амь насанд халдах тохиолдол гарвал буудахад бэлэн байдаг мэргэн буудагчид ойролцоох барилгын дээвэр дээр байрлана.

Путины хамгаалалт Ельциний хамгаалалтыг бодвол тоо, чанарын хувьд сайжирсан. Ерөнхийлөгчийн цуваа руу халдсан ямар нэг тохиолдолд гранат шидэгч ашиглах хэмжээнд хүрчээ.

Эх сурвалж: Дэлхийн фото түүх Ө. Батцэнгэл