Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Засгийн газрын өнөөдрийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг олон нийтэд ил болгох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн 586 гэрээ байна. Үлдсэн таван гэрээ нь олон улсын томоохон компаниудтай хийсэн, нөгөө талаас зөвшөөрөл авч байж, ил болгох ёстой гэрээнүүд юм. 

Сарын өмнө Засгийн газрын хурлаар тус компанийн офтэйк 40 гэрээг ил болгох шийдвэр гарч байсан. Эдгээр гэрээг ЭТТ-н вэбсайтад байршуулах ажлыг хийнэ. 

Түүнчлэн олон улсын аудитын байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулж, ЭТТ компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэхээр болсон" гэлээ.

С.Бямбацогт: Эмнэлгийн дарга нар 230 000 хуурамч нэхэмжлэл үүсгэж ЭМДС-аас санхүүжилт авсан зөрчил илэрсэн

Нэг иргэн сар бүр эмнэлэгт хэвтэж 120 сая төгрөгийн эмчилгээ авсан.

Мөн нэг иргэн жилд 346 удаа амбулаторийн үзлэг хийлгэсэн буюу бараг өдөр бүр эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч үүнд нь 12 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн нэг иргэн 61 удаа 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт эдэлсэн байна. Харин даатгалд төлсөн шимтгэл нь 300-600 мянган төгрөг.

Бид иргэдийг буруутгаагүй. Үүнийг хянах ёстой ЭМД-ын удирдлагуудыг ажлаа хийж чадаагүй, шалгах ёстой гэж үзсэн. Хуурамч нэхэмжлэл үүсгэсэн байж болзошгүй.