“Биктойн” хэмээх цахим валют олборлогч компаниудын эрчим хүчний хэрэглээг хянаж зохицуулахыг орон нутгийн засаг захиргаанаас хүсэх боломжтой гэж Хятад улсын төв банк буюу Ардын банкны төлөөлөгч нь засгийн газрын харьяа Интернэт-санхүүгийн эрсдлээс сэргийлэх газартаа мэдэгдсэн байна.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, 2017 оны сүүлчээр болсон нэгэн уулзалтын үеэр БНХАУ-ын Ардын банкны төлөөлөгч Бээжингийн Интернэт-санхүүгийн эрсдлээс сэргийлэх газрын гишүүдэд хандан хэлэхдээ “Ардын банк “биткойн” олборлогч компаниудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг шууд хянаж зохицуулах боломжгүй. Харин “биткойн” олборлогч компаниудын эрчим хүчний хэрэглээг хянаж зохицуулж өгөхийг  тухайн орон нутгийн засаг захиргаанаас хүсэж болох юм” гэжээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, Хятад улс нь “биткойн” олборлолтоор дэлхийд тэргүүлж буй улс орнуудын нэг юм. “Биткойн” олборлогчид нь энэ цахим валютыг интернэтээр олборлодог бөгөөд үүнийг дагаад Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэглээ мэдэгдэхүйц нэмэгдсэн гэнэ.

Санхүүгийн эрсдлийг бууруулах зорилгоор “биткойн” олборлох чиглэлээр дөнгөж үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсоохыг Хятадын Ардын банк өнгөрөгч оны есдүгээр сард үүрэг болгож, “биткойн” олборлолтыг хязгаарлана гэдгээ мэдэгдсэн аж. Тус банкны зүгээс авах дараагийн шатны арга  хэмжээнд “биткойн” олборлогч бүх компани өртөж болзошгүй гэж энэ цахим валютыг олборлогчид эмээж байна. 

 

 

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг