Улсын Их Хурлын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн өчигдөр /2018.02.05/ Төрийн ордонд болов.

Тэмцээнийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ нээж: "Шатрыг стратегийн, оюуны спорт гэж дэлхий дахинд үздэг. Манай бүлэг нэг жилийн хугацаанд шатрын спортыг хөгжүүлэх, ялангуяа өсвөрийн шатарчдыг дэмжиж, ирээдүйн их мастеруудыг бэлтгэн гаргахын төлөө багагүй зүйл хийлээ. Миний хувьд насанд хүрэгчдийн шатрын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Хэнтий аймагт зохион байгуулахад дэмжиж ажилласан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн санаачлага, дэмжлэгтэйгээр өсвөрийн шатарчдын дунд “Ногоон бэрс” тэмцээн зохиогдсон. 

 Энэ онд бидний хийх нэг чухал ажил бол Шатрын ордноо барьж эхлүүлэх явдал юм. Судлаад үзэхэд Казахстан, ОХУ, АБНЭУ, Катар, ОХУ-ын Халимаг гээд олон газар шатрын ордон байгуулж, оюуны спортыг төрийн бодлогынхоо цөмд байлган, ирээдүйн шатарчдаа дэмждэг юм байна. Бид ч ийм зорилготой ажиллаж байгаа” гэв.

УИХ-ын гишүүд швейцарь системээр зургаан өрөг тоглосон бөгөөд тэмцээний “Уран өрөг” тусгай шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн тусгай шагналыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг гарджээ.

Нийт оноогоор УИХ-ын гишүүн Л.Энхболд тавдугаар байр, Х.Болорчулуун дөрөвдүгээр байр эзэлж, гишүүн Ё.Баатарбилэг хүрэл, Ц.Нямдорж мөнгөн медаль хүртсэн бол 2018 оны “Цэцэн түшээ”-гээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, алтан медалиар энгэрээ мялаасан аж. "Цэцэн түшээ" гэх Монголын улс төрчдөд илт гоёдсон нэртэй уг тэмцээнийг долоо хоногийн ажлын эхний өдөр Төрийн ордонд олон цаг зарцуулан байж зохион санаа хэн гэгчээс анх гарсан нь нэн хачирхалтай бөгөөд амралтын өдрүүдэд уг арга хэмжээгээ зохиочих бүрэн бололцоо байсан билээ. Парламентад 65 суудалтай Монгол Ардын Намынхан, бүр тодруулбал УИХ-ын гишүүд нь улс оронд хэрэгтэй шийдэл, шийдвэр гаргах нь бүү хэл нийгмийн сэтгэл зүйг ойлгох мэдрэмжээ ч бүрэн алдсан гэдгийг дээрх энгийн нэг жишээ харуулж байна. Мөн эрх баригчдын нэр хүнд унаж, УИХ-ыг тараах уур амьсгал нийгэмд зонхилох болсон нь ч хэн нэг өрсөлдөгч нам, хүний үйл ажиллагааны үр дүн гэхээсээ илүү УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь ухвар мөчид, тэнэг, мэдрэмжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг ч Даваа гарагт шатар тоглож, нэг нэгэндээ медаль зүүж өгсөн ганцхан л жишээ нотолж буй юм.

П.Энхмандах

sonin.mn