Цаг хугацаа урсан урссаар 30 насны босго аль хэдийн давчихсан байх юм. Гэтэл гав ганцаараа. Арван жилийн төгсөх ангиасаа эхлээд нэгэн бор хөвгүүнтэй үерхэж эхлээд 6 жилийн турш уйлах, дуулах, баярлах, гуних бүрт хамт өнгөрөөсөн дөө. Нэг л аймшигт хар өдөр бурхан түүнийг надаас авчихсан.

Бүх зүйл маш хурдан хугацаанд болж өнгөрсөн л дөө. Эмнэлэгийн сэхээний тасагт үхэл амьдралтай тэмцэх цаг мөч бүхэнд би бурхнаас "оронд нь намайг аваад яваач дээ" гэж үнэн сэтгэл зүрхнээсээ хагас солиотой хүн нулмис хоёр залбирч гуйсан. Би түүний өмнөөс явахад бэлэн байсан...Даан ч хүсэлтийг хүлээн аваагүй. Хамт амьдарч байхад бидэнд ганц ч удаа үр хүүхэд заяаж байгаагүйг бодохоор өөртөө гомддог, гутардаг бас шаналдаг. Өдөр болгон л инээгээд ороод ирээсэй гэж хүсдэг. Заримдаа шөнө зүүдэлнэ. Мартахгүйг хичээж дүрслэн бодно.

Заримдаа би энэ хүний хорвоогоос яваад түүн дээрээ очихыг хүсдэг. Очоод хэлж хийж чадаагүй үлдээсэн бүхнээ гүйцээмээр санагддаг. Тэгвэл надад амар тайван байх юм шиг. Тэр минь анх танилцаад нэг дууг нээх гоё дуулж өгч билээ.

-Хайрт минь чи миний амин эрдэнэ

-Хань минь чи миний ганцхан амьдрал

-Халуухан хайрандаа ивээлэн уусъя

-Хосгүй жаргалаа хосоороо тэгшхэн амсъя.....сонсох бүрт нулмис зүгээр л асгардаг. Одоо надад ямар ч хүн тэр хүний хайр халамжийг орлож чадахгүй санагддаг. Зүгээр л үлдсэн насаа ганцаараа өнгөрөөмөөр. Дуртай үедээ тэр хүнийг бодож инээж, уйлж, дуулж суух шиг амар амгалан байхгүй ээ.

Хүн хань ижлээ хамт амьдрах хугацаандаа бүүр тултал нь хайрлаж халамжилж түшиж тулмаар юм байна даа гэдгийг хожим сүүлд яс мах сэтгэл зүрхээрээ мэдэрсэн миний тэнэг 30 нас.