Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын он жилүүдэд буюу 1989 онд бичиж байсан өдрийн тэмдэглэлээ тун удахгүй олон нийтэд дэлгэх гэж байгаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс зөвхөн “Өдрийн сонин”-д онцгой эрхтэйгээр тэрхүү тэмдэглэлийг хэвлэн нийтлэх эрхийг нь олгосон юм.

Уншигчдад 1989 он болоод түүнээс хойших Ардчилсан хувьсгалын он жилүүдэд юу өрнөсөн, хөшигний ард ямар үйл явдал болсон гээд олон сонирхолтой түүхийг унших боломж нээгдэж байгаа юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэлийн талаар Монголд Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцогч анхны 13-ын нэг, анхны цуглаан дээр төр засагт хүргүүлэх 13 зүйл бүхий санамж бичгийг уншиж сонордуулж байсан, “Ардчилал” сонины анхны эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаатай онлайнаар холбогдож ярилцлаа.


Тэрбээр Ардчилсан хувьсгалын талаар хэд хэдэн номыг өөрийн тухайн үед тэмдэглэж байсан тэмдэглэлийг тулгуурлан гаргасан билээ. Тэрбээр өдгөө АНУ-ын Колорадо мужид амьдарч байна.

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Өнтэй сайхан өвөлжиж байна. Монголд энэ жил сайхан өвөл болж байгааг хүмүүсээс сонсоод л байгаа.

-Таныг Монголд Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцогч анхны 13-ын нэг, "Ардчилал" сонины анхны эрхлэгч гэдгээр нь хүмүүс андахгүй мэддэг. Та ардчилсан хувьсгалын талаар хэд хэдэн ном хэвлүүлэн гаргасан байдаг. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Тэгье. 1989 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр юм. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний өмнөх өдөр хотын дугуй зааланд хэдэн төлөөлөгч залуу цугларсан юм. Тэр байр тухайн үед хотын эвлэлийн хорооны байр байсан юм. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнд оролцохоор ирсэн 18 аймаг, Эрдэнэт, Улаанбаатар хотын төлөөлөгч нар цугларсан. Тэнд залуус мэтгэлцэж чөлөөт маргаан өрнүүлсэн. Тухайн үед миний бие ангийн найз Баярааг дагаад очсон юм. Тэр үед “Шинэ үе” бүлгэм байгуулагдчихсан байсан цаг. Тухайн үед “Улаан од” сонины сурвалжлагч Ц.Элбэгдорж гээд залуутай танилцсан. Харин би “Хөдөлмөр” сонины сурвалжлагч байсан. Мэргэжил нэгтэй болохоор бусад залуусаас содон санагдаж байлаа. Ингээд залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн ч болж өнгөрсөн. Тэр зөвлөгөөнөөр “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Цаг үеийн шаардлагыг хангаж ажиллаж үнэхээр чадахгүй байна. Нэг намын дуулгавартай зарц болжээ. Тэгэхээр залуучуудын шинэ холбоо байгуулах хэрэгтэй” гээд ярилцаж, бүгд дэмжсэн. Энэ асуудал таг чиг мартагдах шахсан үед Ардчилсан хувьсгалын цогтой тэмцэгч Дарь.Сүхбаатар над дээр ирээд “Нөгөө залуучуудын байгууллага байгуулна гэсэн яасан бэ. Одоо ингээд тараад алга болчихлоо. “Улаан од” сонин руу Ц.Элбэгдорж дээр очих уу” гэсэн. Би ч зөвшөөрөөд бид хоёр Элбэгээгийн ажил дээр очлоо. Батлан хамгаалах яам буюу “Улаан од” сонины газар яваад очсон. Батлан хамгаалах яамны яруу найргийн дугуйлангийн залуус цуглараад өөрсдийнхөө бичсэн шүлгийг уншиж байлаа. Элбэгээ ширээний ард суучихсан шүлгээ уншиж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөд байсан. Бид гурав уулзаад залуучуудын байгууллагаа хурдан байгуулъя гэж ярилцсан юм. Ингээд л Ардчилсан холбоо байгуулагдахын эхлэл тавигдсан түүхтэй. Тухайн үед миний бие тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тэгээд МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг үүсгэн байгуулсан өдрөөс эхлэн аливаа уулзалт, хурлуудын тэмдэглэлийг би хөтөлдөг байв. Үүнээс гадна өдрийн тэмдэглэлдээ тэрхүү агуу их үйл хэргийн талаар төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээх, гэрэл зургийн хальсанд тэр өдрүүдийн дүр зургийг буулгаж авахыг ихэд хичээдэг байлаа. Голдуу бичгийн бор цаасан дээр бичсэн уулзалтууд болон хурлын тэмдэглэлүүд, ирцийн бүртгэл, уриалах хуудсууд зэрэг хэдэн хавтас элдэв төрлийн материал бий. МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн хурлууд, уулзалтуудын протокол, хөтөлж байсан өдрийн тэмдэглэл дээрээ үндэслэн 1988 оны арваннэгдүгээр сард улс төрийн “Шинэ үе” бүлгэм байгуулагдсанаас эхлээд 1989 оны арваннэгдүгээр сарын 27-нд чуулсан Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар чуулган хэрхэн чуулсан тухай, мөн МоАХ үүсэн байгуулагдсан арванхоёрдугаар сарын 10–ны цуглаан дээр тунхагласан ардчилсан хувьсгал эрчимтэй өрнөж, улс төрийн өлсгөлөнгийн үр дүнд улс орны дээд удирдлага огцорсон, олон намын тогтолцоо бий болж, анхны чөлөөт сонгууль явуулах, Улсын бага хурал байгуулах зэрэг тохиролцоонд хүрсэн, анхны чөлөөт хэвлэл үүссэн зэрэг 1990 оны зургадугаар сар хүртэлх үйл явдлуудыг тэмдэглэн үлдээсэн. Сүүлд нь энэ тэмдэглэл маань “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” нэртэй ном болон хэвлэгдсэн. Мөн “Аниргүйг сэрээсэн Шинэ үе”, “Ардчилсан хувьсгал эхэллээ”, “МоАХ хууль ёсны болов”, “Улс төрийн өлсгөлөн”, “Ардчилсан сонгууль хүрэх амаргүй зам” гэсэн таван бүлэг, 75 хэсэг ном болон гарсан.

-Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын он жилүүдэд буюу 1989 онд бичиж байсан өдрийн тэмдэглэлээ тун удахгүй "Өдрийн сонин"-оор дамжуулан олон нийтэд дэлгэх гэж байгаа. Энэ талаар та дуулсан уу?

-Ц.Элбэгдоржийн 1989 онд Ардчилсан хувьсгал манай оронд ялсан он жилүүдэд өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсныг сайн мэднэ. Гэхдээ өдрийн тэмдэглэл дээрээ яг юу бичиж байсныг уншиж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Сэтгүүлч хүн болохоор өдрийн тэмдэглэл хөтөлсөн байсан. Залуу уран бүтээлчдийн чуулга уулзалт болохоос өмнөх өдрүүдээс эхлээд тэмдэглэл хөтөлж эхэлсэн гэсэн. 1989 онд манайх Таван шард айлын хажууд амьдардаг байлаа. Ц.Элбэгдорж нэгдүгээр хороололд амьдардаг. Ардчилсан холбооны хуралд сууж оролцчихоод орой гэр рүүгээ харьдаг. Тэр үед автобус 23:00 цаг гээд зогсдог. Хурал их орой тарна. Хамгийн сүүлийн троллейбус явах гэж байхад амжиж суудаг үе ч байлаа. Орой болчихсон болохоор зорчигч бараг байхгүй. Тийм ч болоод ч тэр үү, юмаа мартахгүй, халуун сэргэг дээр нь гэдэг байсан уу Элбэгээ дэвтэр дээр юм бичээд л суугаад байдаг байсан. Өдрийн тэмдэглэл хөтөлж байгаа гээд л болж, өрнөж байгаагийн зүйлсийн талаар, хүмүүсийн хэлсэн үг, шүүмжлэл, магтаал зэргийг тэмдэглээд явдаг байсан. Ардчилсан хувьсгал өрнөж байх үед маш эгзэгтэй үйл явдал олон болсон. Санаачилсан, удирдан зохион байгуулсан 13 хүний хувьд хэцүү цаг үе ч ирж байсан. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн тэмдэглэлийн дэвтэр олон нийтэд хүрнэ гэдэг тухайн үед өрнөж байсан үйл явдлыг хамгийн бодит үнэнээр хүмүүс мэдэх боломж нээгдэж байгаа юм. Хэн, юу гэж хэлж байсан, өргөн барих бичиг, ямар санал оруулах вэ, хэн хамгаалалтад гарах вэ, үймээн самуун болохоос яаж сэргийлж ажиллах вэ, жагсаалд ирсэн хүмүүсийг хэрхэн хяналтдаа байлгах талаар зөв зохистой боловсруулж байсан тухайн үеийн тактик хийгээд төлөвлөгөөг тэр л авч үлдэж чадсан байх ёстой. Цагдаа, хууль хүчнийхэн биднийг ямар нэг алдаа гаргахыг хүлээж байсан. Салбар зөвлөлүүдийг хэрхэн өргөтгөх, хуралдааны үеэр хэн үг хэлэх, ямар утга санаатай үг хэлэх ёстой вэ гээд тэр үед олон ажил хийгдэж байлаа. Тиймээс бид хамгийн зөв хувилбарыг сонгож явах ёстой байсан цаг мөч тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэн үлдсэн байгаа гэж бодож байна. Ц.Элбэгдоржийн тэмдэглэл түүхийн маш үнэт өв гэж бодож байна. Тухайн үед халуун цэг дээр нь бичиж байсан болохоор хамгийн бодитой үнэн тэнд байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын Ардчилсан хувьсгалын цаана юу өрнөж байсан түүхийг дэлгэх нь байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин