Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Хэргийн талаарх дуудлага тухайн өдрийн 21:45 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Тэгвэл баасан гаригт энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруутайг тогтоох шүүх хурлын товыг гаргана. Эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах юм.

Одоогоор Б.Махбалыг цагдан хориод байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.   Энэ заалтад хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.