Цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг хүргэлээ.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 49,075 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлснийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв. 

Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл:

  • Хүний амь насыг хохироосон дөрөв
  • Бусдын биед халдаж, хохирол учруулсан 93
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо
  • Өмчлөх эрхийн эсрэг 92
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг дөрөв
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50
  • Бусад төрлийн зургаан хэрэг байна.

Залилан мэхлэх гэмт хэргийн арга нарийсаж байгааг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа хэлж, дараах мэдээллийг сэрэмжлүүлэг болгон танилцуулав. 

Хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаарх бичиг баримтыг бүрдүүлэн өгч, хариуцлагаас зайлсхийсэн гэх үйлдлийг шалгаж шүүхэд шилжүүлсэн байна.


Энэ талаар "Иргэн Т гэгч нь бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдон шалгагдаж байх хугацаандаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаарх хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээг гаргуулан авч уг лавлагааг үндэслэн шүүхээс 2023 онд иргэн Т-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас иргэн Т нь 2023 онд өөрийгөө нас барсан гэх хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар эрх бүхий байгууллагаас нас барсны гэрчилгээг гаргуулж, эрүүгийн хариуцлагаас зайлсхийсэн гэх мэдээллийн дагуу хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн Т-ийн хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, мөн хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 21.1, 23.2 дугаар зүйл ангиудад зааснаар яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн" гэлээ. 

Залилагч этгээдүүдийн үйлдэл улам нарийсаж байгаа тул сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/policemng/videos/1420791432613926