Саяхан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулав.

Энэ фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. 

 

Учир нь манай улсад аялал жуулчлалын улирал үндсэндээ зургаа, долоодугаар сард эрчимтэй явагддаг. Харин аялал жуулчлалын эрчим сул байдаг дөрөв, тавдугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор “UB food” фестиваль шиг олон улсын арга хэмжээг зохион байгуулахыг зорьж байна” гэж байлаа.

 

Уг фестивалд зориулж 4,000 хүний багтаамжтай асар байгуулсан бөгөөд иргэд Узбек хоолоор үйлчлүүлж 5,000 төгрөг төлөөд хүссэнээ амтлах боломжтой гэдгээр онцлог гэж байв. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар нэг тоннын багтаамжтай ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж иргэд олон нийтэд үйлчилж байсан юм. Сүхбаатарын талбайд зохион байгуулсан энэхүү арга хэмжээг татвар төлөгчдийн мөнгөнөөс 600 сая төгрөг гарган хийсэн гэж Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас мэдэгдсэн. Харин иргэдийн зүгээс энэхүү арга хэмжээг тийм ч таатай байдлаар хүлээж авсангүй. Ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн зүйлийг шийдвэрлэх ёстой байдаг. Үүнд хамгийн гол нь дэд бүтэц, үйлчилгээний чанар, визний асуудал байдаг бөгөөд эдгээр асуудлыг шат дараатай шийдвэрлэж байж сая аялал жуулчлал хөгждөг. 

 

Дэлхийн аялал жуулчлал өндөр хөгжсөн олон оронд эдгээр зүйлүүдийг хамгийн түрүүнд шийвэрлэж байж аялал жуулчлал бүрэн утгаараа хөгжиж чадсан. Харин манайд бол энэ асуудал яг эсрэгээрээ байгаа. 

 

Нөгөөтэйгүүр энэхүү арга хэмжээг яг ямар зорилгоор зохион байгуулсан нь тун ойлгомжгүй байв. Зохион байгуулагчид нь уг арга хэмжээг татвар төлөгчдийн мөнгөнөөс 600 сая төгрөг гарган хийсэн гэсэн боловч зардлаа нөхөж чадсан эсэх нь эргэлзээтэй. Тэгээд очиж очиж Узбек плов идэхийн тулд гадаадын жуулчид Монголд ирнэ ч гэж юу байхав. Хэрвээ үнэхээр Узбек плов идье гэвэл гадны жуулчид Узбекистанд очиж плов, шашлик идэх нь ойлгомжтой. Тэр утгаараа цаашид иймэрхүү утгагүй юм хийдгээ болих хэрэгтэй. Тэрний оронд үнэхээр аялал жуулчлалыг бодит утгаар нь хөгжүүлэе гэж байгаа бол дотоодын бизнесүүдээ сайн дэмжиж, дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай. Тэрнээс биш Узбекистанаас тогооч авчирч төв талбайдаа плов хийлгэснээр аялал жуулчлал хөгжинө гэдэг нь юу л бол.  

Тэгээд ядаж байхад нөгөө хэдэн монголчууд нь юм үзээгүй юм шиг эцэс төгсгөлгүй оочерлон цаасан аяганд хийсэн өчүүхэн жижиг плов идэх гээд зогсож байгаа нь үнэхээр эмгэнэлтэй санагдсан. 

 

Нөгөө талаас Нийслэлийн Аялал, жуулчлалын газрыг мэргэжлийн хүнээр удирдуулмаар байна. Тус байгууллагын одоогийн даргаар өмнө нь “Номин талст” хамтлагт дуучин байсан Д.Батсүх гэдэг хүн ажилладаг.  Тэр утгаараа ийм чухал ажлыг зүгээр нэг тарсан хамтлагийн дуучин удирдах ёсгүй.   

 

Учир нь өмнө нь төрийн албанд иймэрхүү арын хаалганы утгагүй томилгоонууд зөндөө хийгдэж байснаас болж төрийн ажил бүтэлгүйтэж байсан бодит жишээ зөндөө бий. Тийм болохоор аялал жуулчлал хөгжүүлэх гэж байна гээд хотынхоо төв талбайд плов хийж, төсвийн зардлыг үнэгүй хийсгэдэг улс манайхаас өөр байхгүй. Тэр үүднээсээ цаашид иймэрхүү арга хэмжээг зохион байгуулахдаа мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч аялал жуулчлалыг шинжлэх ухааны аргаар хөгжүүлэх хэрэгтэй. 

Тэгсэн цагт аялал жуучлал бодит утгаараа хөгжиж, Монгол улсад нөгөө яриад байдаг 400 сая жуулчин ирдэггүй юмаа гэхэд 4 сая жуулчин хүрч ирэх нь лавтай гэж бодож байна.   

Э.Солонго

sonin.mn