Монголын эрүүгийн ертөнцийхөн сүүлийн хэдэн жил ичээнээсээ гарч ил цагаан дураараа дургих боллоо. Тав хоногийн өмнө буюу 2016 оны 06-р сарын 17-ны өдөр нийсдэл хотод маань буун дуу гарлаа.

Туул голын эрэг дээр Б гэгч этгээд бусадтай архидан согтуурч яваад “Макаров" маркийн гap буугаар уусан архины шилээ буудаж тоглон улмаар ойр хавьд голын эргээр салхинд гарч байсан иргэд рүү 20 гаруй удаа буудаж танхайрсан байна.

Иргэдийн мэдээллээр ХУД-ийн цагдаагийнхан Б гэгч этгээдийг барьж шалгасан боловч архидан согтуурч, галт зэвсэг хэрэглэн танхайрсан этгээдийг эрүүлжүүлэх нь битгий хэл барьж, саатуулалгүй гаргаж явуулан, энэ мэдээллийг олон нийтээс нууцалсан байна. Дээрх нэр бүхий этгээд нь иргэд, бизнес эрхлэгчид, төрийн эрх бүхий хүмүүсийг олон удаа дарамтлан айлгасан, хүний эхнэр булаасан, хүчин, дээрмийн гэмт xэрэг үйлдэж шалгагдаж байсан боловч түүнд прокурор, шүүхийн байгууллага хариуцлага хүлээлгэдэггүй ажээ.

Өмнө нь Центрпоинтын хэрэг, Гүнтийн буудалцаан, баар, цэнгээний газар олон нийтийг сүрдүүлэн танхайрсан гэх мэт олон хэрэгт шалгагдаж явсан энэ этгээд зөвхөн цэрэг, цагдаагийн байгууллагын хэрэгцээнд ашиглагддаг байлдааны галт зэвсгийг хэрхэн олж авч биедээ хадгалж явсан нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна.

Энэ хэрэгт холбогдогчийн ах У.Б нь 2013 онд Улаанбаатар төмөр замын баруун талд байрлах авто зогсоолын газрыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, эрх бүхий этгээдийг айлган сүрдүүлэх замаар өөрийн болгосон нь илэрч, хэрэг үүсгэн шалгагдсан боловч удалгүй хэрэгсэхгүй болгосон байдаг. Бас Цонжинболдог буюу Женко Баттулгын эзэмшлийн амралтын газарт архидан согтуурсан үедээ Ланд-200 маркийн машин унаж танхайран, амарч зугаалж явсан иргэдийг дайрч гэмтэл учруулж, явган хүний шат, хашлагыг мөргөж гэмтээсэн хэргийг нь тухайн үед Цонжинболдогийн хамгаалалтын албаны ажилчид ярьж, гэрчилж байсан. Гэвч Женко Баттулга ажилчдаа дарамтлан мэдүүлгийг нь өөрчлүүлж У.Б-с их хэмжээний мөнгө авч тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл У.Б-ын танхайрсан хэргийг гэрчилсэн хамгаалалтын албаны ажилчид Тунгалаг тамир киноны Итгэлт шиг "Инээхээс бусад өвчинд баригдсан" сахарын өвчтэй, хараа муутай, зарим нь сэтгэцийн хувьд асуудалтай хүмүүс болж, У.Б нь тухайн үед миний машины тоормос гэнэт ажиллагаагүй болж, мөн миний зүрх өвдөөд машин жолоодлогогүй болсон гэж мэдүүлсэнээр хэрэг нь хаагдсан гашуун түүхтэй.

 

Ер нь манай улсад эрүүгийн гэмт хэрэгтнүүд, хуучны атаманууд гэх нөхдүүд дархлагдсан байдаг уу? гэдгийг хууль, прокурор, шүүхийнхнээс асуумаар байна. Хуулийн байгууллагыг хүчтэй, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангаж өгөхгүй бол энэ гэмт этгээдүүд “түрийний бөөс толгойд гарна гэгчээр маш их оодорч байна.

Эрүүгийн хэрэгтнүүд 1996-2000 онд хүчээ авч бүр төрийн албан тушаалтнуудыг айлган дарамтлах apгaap хөрөнгөжиж эхэлсэн байдаг ба 2000 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар томилогдсоноор гэмт этгээдүүдэд төрийн төмөр нүүрийг харуулж, тэдний хандыг нь хага дарж өгсөн. Гэвч 2012-2016 оны хооронд эдгээр этгээдүүд дахин толгойгоо өндийлгөж эхлэн зарим нэг нь одоо зохион байгуулагдах орон нутгийн сонгуульд хүртэл нэр дэвшчихсэн явж байна. АН засаглах үеэр нийгэмд эрүүгийн хэрэгтнүүд толгойгоо өндийлгөж, сэргэж эхэллээ. Засаглагчид хууль, хүчний байгууллагын удирдлагуудад чиглэл өгөөд байна уу? эсвэл цагдаа, прокурор, шүүх АТГ-ын албан тушаалтнууд эдгээр этгээдүүдтэй үгсэн хуйвалдаад байна уу? Нийгмийг айдаст автуулсан этгээдүүдийн хэрэг олон нийтэд мэдээлэгдэхгүй яагаад шалгах явцдаа замхраад байна? Яагаад тэдний гэмт үйлдлийг харсан, гэрчилсэн хүмүүс тэнэг, сохор, сэтгэц өөрчлөлтэй болж, зарим нь бүр амь насаа алдах, гэмтэж, бэртэхэд тулаад байна вэ? гэсэн олон асуулт хариултгүй үлдэж байна.

 

Дээрхи гэмт этгээдүүд эрх мэдэл бүхий хүмүүс, бизнес эрхлэгчдийг дарамтлах, айлган сүрдүүлэх замаар маш их хөрөнгөжиж, их мөнгөөр албан тушаалтнуудын амыг таглаж, гар, хөлийг нь тушиж байна. Хууль, хүчний байгууллага дотор өөрсдийн нөлөөллийг тогтоосон гэж бодохоор боллоо. Тиймгүйсэн бол УЕП М.Энх-Амгалан, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт, ЦЕГ-ын дарга Р.Чингис нар энэ этгээдүүдийн эрээ, цээргүй явдлыг анхааралдаа авч шалгахыг хүсэж байна.

Хамгийн сүүлийн жишээ Б гэх энэ этгээдийн буудах явцад хэн нэгэн иргэн суманд оногдож алуулсан бол яах байв. Эцэст нь иргэд элбэг, баяндаа биш хамгийн гол нь эрх чөлөөтэй, амар тайван, айдасгүй, шудрага хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх юм шүү.

А.Баярмаа