Ардчилсан нам  Засгийн эрхэнд гарснаас хойш улс эх оронд олон ч зүйл өөрчлөгдөв.  Аль нэг нам  Засгийн эрхэнд гарсныхаа дараа бүгдийг “өөрийнхөөрөө” эмхлэн байгуулдаг нь гэм биш зан.

Гэхдээ улс төрийн энэ давалгаанд олон нийт  тийм ч таатай ханддаггй. Арга ч үгүй биз. Сая нэг төвхнөөд байсан бүхэн хэн нэгэн эрх мэдэлтний тааллаар  хувьсаж, өөрчлөгдөх нь хэнд ч таатай бус. Тэр тусмаа  иргэн хүний амьдрал сайжрахгүй атлаа эрх мэдэлтний халаас түнтийсээр байхад баярлах хүн гарахгүй нь лав.  Улс төрийг даган ард түмэн хуйсганаж байгаа энэ үед массаас тэг үнэлгээ авах нэгэн судалгааны дүн энд байна.  Засгийн эрх авсан цагаасаа бүгдийг хүчээр шийдэж, “Санаснаа бүтээж,сарвайснаа авч байгаа” Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн их хөрөнгөтэйгөөр тодорсон ч хамгийн үрэлгэнээр бас тодорчээ. Үе үеийн хамгийн их төсөв хөрөнгийн эх үүсвэртэй Засгийн газраар Н.Алтанхуягийн танхим нэрлэгдэж байгаа.  Энэ засгийн газар тэр хэрээрээ төсвийн хөрөнгийг баруун солгойгүй цацсан талаар судалгаа гарчээ.   Тодруулбал,   түүний Засгийн газар 2013 онд л гэхэд  13.18 их наяд төгрөг зарцуулсан байх юм. Харамсалтай нь энэ мөнгө хүрэх ёстой газраа хүрсэн үү гэдэгт баттай хариулт өгөх хүн олдохгүй л болов уу.  Ганцхан жилд  Н.Алтанхуягийн Засгийн газрын зарцуулсан мөнгөний хэмжээ нь 13 их наяд давсан нь Ерөнхий сайд Д. Бямбасүрэнгийн үеийн 1991 оныхоос 1278 дахин, П.Жасрайн 1995 оныхоос 76 дахин, М.Энхсайханы 1999 оныхоос 36 дахин, Ц.Элбэгдоржийн 2005 оныхоос 17 дахин, С.Баяр, С.Батболд нарын 2009 оныхоос  5.4 дахин их байгаа аж.   Эдгээр тоо баримтыг өөрөөр уншиж бас болно.  Үрсэн мөнгөнийх нь хэмжээгээр  Засгийн газрын үйл ажиллагаа сайжирч, ард түмний амьдрал дээшилдэг бол энэ тоог хараад толгой сэгсрэх хүн гарахгүй байх байлаа. Гэтэл байдал яг эсрэгээрээ хувирчихаад байна.

“Энэ мөнгийг хааш нь хийчихэв. Хэн халааслачихав. Амин хувьдаа биш ард түмэндээ зориулахгүй яав” хэмээн ам асуух хүн олон байна.  Нөгөөтэйгүүр, Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын 2013 онд зарцуулсан 13.18 их наяд төгрөг нь Монгол Улсын Засгийн газрын 1990-2011 он хүртэл 21 жилд зарцуулсан төсвийн нийт зарлагын 63 хувьтай тэнцэж байна. Үүнээс үзэхэд Н.Алтанхуягийн Засгийн газарт ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх боломж, нөхцөл өмнөх Засгийн газруудтай харьцуулахад хамгийн их байжээ. Учир нь тэдэнд бүхнийг тэтгэж, дээшлүүлэх бололцоог шуут утгаар нь олгох төсөв, хөрөнгө чамлахааргүй их байж.  Гэвч энэ их хөрөнгийн зарцуулалт төдийлөн нүдээ олоогүй нь дээрх тооноос тодорхой харагдаж байгаа юм.  Хэдийгээр АН засгийн эрхэнд гарсны дараахаа дараа ард түмний чихэнд сонсголонтой сайхан зүйл цөөнгүйг ярьж сэдсэн. Тэр хэрээр нь тэднийг амыг ажил  хэрэг болохыг хүлээж суусан хэдэн мянгаар тоологдоно.  Харамсалтай нь энэ хүлээлт  талаар болоод байгаа. Адаглаад хамгийн их хөрөнгөтэй Засгийн газрын толгойд гарчихаад цалин, тэтгэврийн  хангалттай хэмжээгээр нэмчихсэнгүй. Цаашлаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохистой хэмжээнд барих үүрэгтэй ч сулд нь орхисноос юмны үнэ хаданд гарчихаад байна.

Хамгийн сүүлийн жишээ татахад л шатахуун түгээх станцууд бензинийхээ литр тутмын үнийг 40-90 төгрөгөөр нэмчихээд байхад эрх мэдэлтнүүд ганц үг ганхийсэнгүй. Гэтэл энэ Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрт  230 гаруй тэрбум төгрөг зарцуулснаа хэлдэг.  Хэрвээ энэ их мөнгөөр үнэхээр л үнэ тогтворжуулсан бол  үнийн өсөлт ингэтлээ дээшлэхгүй байх байлаа. Нөгөө талаас Том төрөөс ухаалаг төр рүү шилжих  Ерөнхийлөгчийн санаачилгыг Н.Алтанхуягийн Засгийн газар  үл тоосон. Тиймдээ л 11 байсан яамдын тоог 16 болгон нэмээд зогсохгүй, зөвхөн газар, хэлтсийг 116-гаар нэмэгдүүлчихээд байгаа. Мэдээж энэ их тооны ард төсвийн хөрөнгө үргүй урсах нь ойлгомжтой.  Төрийн албан хаагчдын тоо нэмэгдэнэ гэдэг нь өргөн утгаараа төсвийн хөрөнгө халааслагчдын тоог л нэмж буй хэрэг. Гэтэл Төрийн данхар бүтцээс зайлсхийхийг хичээж байгаа Ерөнхийлөгчөө үл тоон, Засгийн газрын бүтэц хүрээгээ тэлчихээд байна. Нэг хэлтэс, газар 3-5 хүнтэй гэж бодоход  116 хэлтэс газар гэдэг бол хэдэн хүнээр нэмэгдсэн гэдэг нь тодорхой. Үүнийг дагаад цалин хөлс, урсгал зардал төдий хэмжээгээр өсөж, төсвийн зардал хэтэрч ард түмэн, бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирэх ачаалал бас дахин нэмэгдэв.

Яамдын төрийн албан хаагчдын тоо 982-оор, дунд тушаалын “хурган дарга” нарын тоо 116-аар нэмэгдлээ. Нийт тоон үзүүлэлтээс харахад төрийн албан хаагчийн тоог 46.39 хувиар нэмэгдүүлээд байгаа аж. Агентлагийн тоог цөөрүүлэх нэрийн дор Төрийн өмчит болон улсын үйлдвэрийн газрыг  тэр хэмжээгээр байгуулж орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бизнес эрхлэгчидтэй зэрэгцэн төр өөрөө бизнес эрхэлдэг болсон ч гэх. Бас нэгэн таагүй мэдээ бол Н.Алтанхуяг хоёр жилийн дотор өнгөрсөн 21 жилийнхээс хэд дахин их өрөнд оруулсан баримт юм.  Тодруулбал, 1990 оноос өмнөх 70 жилд авсан 11 тэрбум шилжих рублийн өрийг Монгол улс эдийн засгийн өндөр үр ашигтайгаар зарцуулж шинэ хот, суурин газрууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийгэм соёлын барилга байгууламж цөөнгүйг барьж байгуулжээ. 

Гэтэл 1990-2011 оны хооронд 21 жилийн хугацаанд 12 Засгийн газар 2.2 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрийг авч хэрэгжүүлжээ. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газар хоёрхон жилийн дотор өнгөрсөн 21 жилд авснаас илүү буюу 2.8 тэрбум долларын зээлийг авч Монгол Улсыг урьд өмнө нь байгаагүй их өрөнд оруулав.