Судалгаатай, судалгаагүй угаас амьдралд илэрхий л байдаг зүйл.Гэтэл улс орон маань өрөнд баригдсан тухай сүүлийн үед түгшин ярьцгаах болов.

Ингэлээ гээд хэн санаа зовж, хэний сэтгэн бодох чадвар муудаж байгаа бол… Хэн тэр өрийг тавив.Монголчууд 70 жилийн турш орос ах нараас өр зээл авч, амьдрал ахуйгаа залгуулж, бүтээн босгож ирсэн байдаг.Тэр их өрийг 2003 оны сүүлээр дарахад монгол хүн бүрийн нуруун дээрээс таван сая төгрөг авч хая­лаа хэмээн баярлацгаасан.Гэтэл өнөөдөр урьдынх шиг хүүхэд, хөгшид ялгаагүй хүн тус бүрт таван мянга орчим ам.долларын өр ногдох болсон гэнэ.Үүнийг бараг хоёр мянга дөх­сөн ам.долларын ханшаар тооц­вол 10 сая төгрөг. Амьдрал ядуу, авдаг цалин бага, орлого тааруу, үнийн хөөрөгдөлд нэрвэгдсэн ир­гэн хүн “эх орны” өрөнд шаналах ёстой юу.

Эсвэл баруун, солгойгүй өр тавиад буй эрх мэдэлтнүүд үүнийхээ төлөө санаа бодлоо чилээх ёстой юу. “Шинэчлэлийн” Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан тэргүүтнүүд л лав огт санаа зовохгүй. Харин ч зүй ёсны эрх мэдлийнхээ хүрээнд улсын нэрийн өмнөөс их хэмжээний өр тавьж, өөрсдөө захиран зарцуулж суугаадаа додигор байгаа нь илт. Саявтархан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Чингис” бондын хүү бол өр биш” гэж мэдэгдэв.Зээлж аваад хүүтэй нь буцааж төлдөг мөнгийг өр гэхгүй юм бол өөр юуг өр гэх вэ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэнчлэн Н.Алтанхуягийн Засгийн газар өмнөх Засгийн газруудаас хамгийн их өр тавьжээ.Сүүлийн 22 жилд манай улс 2.2 тэрбум ам.долларын гадаад өр зээл тавьжээ.Ердөө сүүлийн нэг жилд 2.1 тэрбум ам.долларын өр тавьсан нь өмнөх 21 жилийнхээс даваад талийжээ.Шинэчлэлийн Засгийн газар 2012 онд гадаад зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгосон.Дараа нь Японы зах зээл дээр 600 орчим сая ам.доллартай тэнцэх Самурай бондыг босгосон.Эдгээр бондын үндсэн төлбөр, хүү нэмэгдээд Засгийн газрын нийт гадаад өр бараг таван тэрбум ам.долларт хүрэв.Гэвч босгосон бондуудын зарцуулалт ойлгомжгүй, үр өгөөж муутай байгаа нь нэгэнт тавьсан өрийг ирээдүйд бүр дарамт болгон хувиргах аюултай гэж эдийн засагчид сэрэмжлүүлсээр байна.Тооцоо, судалгаагүй шахам авсан эдгээр өр, зээлийн хүүнд өнөөдөр багагүй мөнгө төлж байгаа нь сул дорой, эмзэг эдийн засагт яг одоо учирч буй бодит дарамт.“Самурай” бондын мөнгөнөөс 50 сая ам.доллар дутсан гэх шуугиан гарсан.Гэтэл үүнийг өрөндөө суутгасан гэх. Түүнчлэн өнөө жил “Чингис “ бондын хүүнд 72, Хөгжлийн банкны зээлийн хүүнд 35 сая, үүнээс өмнөх зээлийн өр төлбөрт 60 орчим сая ам.доллар төлж байна. Энэ 167 сая орчим ам.доллар нь улсын төсвийн нийт зарлагын 4.3 хувь ажээ. Дээр нь Оюутолгойн манай талын хөрөнгө оруулалтын зээлийг бүхэлд нь нэмж тооцвол гадаад өр 6.8 тэрбум ам.доллар буюу 11.6 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 68 хувьтай тэнцэж байгаа аж.

Манай Засгийн газар 1990 оноос 2012 он хүртэлх 22 жилд нийт 2.7 тэрбум ам.долларын зээл авчээ. 2012 оны эцсийн тооцоогоор 2.0 тэрбум ам.долларын өртэй үлдсэн байна. 1990 оноос авч эхэлсэн хөнгөлөлттэй зээлийн үндсэн өр төлбөрийг 2000 оноос өгч эхэлсэн ба тухайн ондоо гадаад өрийн дансанд 880 сая ам.доллар шилжүүлжээ. Энэ нь тухайн жилийн ДНБ-ий 83.3 хувьтай тэнцэж.Ингэж аль 14 жилийн өмнөөс Монголын эдийн засаг дахь зээлийн даац хэтэрч эхэлсэн чангахан дохио дуугарсан хэрэг. Гэвч түүнээс хойш Монголыг чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн урсгал нэмэгдсэн үү гэхээс татраагүй. Жил бүр өр төлбөрт хэдэн зуун сая ам.доллар шилжүүлж, оронд нь хөнгөлөлт, дэмжлэг нэрээр мөнгөн урсгал орж ирсээр, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед оргилдоо хүрэв. Шинэчлэлийн Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат багийнхаа олон бодлогод шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Тэрбээр “Өнгөрсөн жил бид хоёр бонд, дээр нь Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гаргасан дөрвөн их наяд төгрөг, нийт дөрвөн тэрбум ам.доллар эдийн засаг руугаа хийжээ. Энэ бол маш их мөнгө.Бараг л ДНБ-ий 40 хувьтай тэнцэх мөнгө.Бид ийм хэмжээний мөнгө зах зээл рүүгээ хийгээд эдийн засгийн 11 хувийн өсөлтийг л авлаа” гэж тун чамлангуй ярьжээ.Ялангуяа бондын мөнгө тооцоо, судалгаа муутай зарцуулагдаж буй нь үүнтэй холбоотой.Чингис, Самурай бондын зарцуулалт төсвөөс гадуур, түрийвч нэгтэй хань хамсаатнаа тэтгэсэн байдалтай зарцуулагдаж байна гэсэн хардлага үнэний хувьтай.Бондын хөрөнгийг зарцуулах төсөлд жишээ нь “АПУ” багтсан байгаа гэх нь хардлагыг зэвүүцэл болгон хувиргаж ч мэдэх юм.

Засгийн газрын гадаад өр иймэрхүү.Тэгвэл дотоод өртэйгээ нийлээд нийт өр ДНБ-ий 55 хувьд хүрсэн гэх тооцоо гарчээ. Эндээс улбаалан Засгийн газар ойрын 10 жилд 420 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны төсөвтэй харьцуулахад төсвийн зарлагынхаа 6.3 хувийг зөвхөн хүүгийн төлбөрт өгөх гэнэ. Хөгжлийн банкны зээл болон Чингис бондын эргэн төлөлтийн он жилүүд ирэхэд төлбөрийн дарамт улам бүр нэмэгдэнэ. Нөгөө талаар улсын нийт гадаад өр 17.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрийг жилд дунджаар 10 хувиар тооцож үзэхэд ДНБ-ий 17.4 хувь болж байна. Улсын эдийн засаг жилд дунджаар 17 хувиас доошгүй өсч байж зөвхөн гадаад өрийн зээлийн хүүгээ төлж чадна гэсэн үг. Жилд гурван тэрбум ам.доллар нийт өрийн хүүнд, 4.5 ам.доллар импортын санхүүжилтэд шаардлагатай гэж үзвэл эдийн засагт жил тутам доод тал нь 7.5 тэрбум ам.доллар шаардлагатай болох юм байна. Гэвч экспортын орлого өсч, эдийн засгийг тэтгэнэ гэдэг энэ Засгийн газраас хүлээгдэж буй чухал үр дүн болоод байгаа.Дээр нь валютын нөөц буурсан, ам.долларын ханш өссөн гэхчилэн асуудлууд хэн хүний санааг зовоож, шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгийн бодит шинэчлэл хүлээсээр байна. 2011 онд анх удаа асар өндөр буюу 17 хувиар өссөн эдийн засаг 2012 онд 12.3 хувиар, 2013 онд 11 хувиар өсч, эдийн засгийн чадамж буурсаар байгаа.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд улсын хөгжлийг хэдэн арван жилээр ч хойш татаж мэдэх гадаад өрийн хямралын үндэс суурь бүрэлджээ.Үүнд гэхдээ хэний санаа чилж байна вэ.Эх орны нэрээр өр тавьж, эрх мэдлээрээ далайлган замбараагүй үрж буй эрх баригчид их л амгалан байх шиг санагдана.

 

Т.БҮДЭЭХҮҮ