ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/
2019/08/09
Улс төрчдийн өвөр түнтийгээд л ард иргэдийн түрүүвч битгий хэл халаас нимгэн өдрүүд үргэлжилсээр...Төрийн дорвитой шийдвэр гарах бус хэрүүлийн алим хувааж идэх их зүтгэлийнхээ ажилдаа дэндүү улайрч байна. МАН олонхи болсон ч мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд санаа чилээхийн оронд хуулийг гууль болгосон нөхдүүдээр авлигачдыг ялаас мулталж байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцлоод авав.
Тэрбээр "Хөөн хэлэлцэх хугацааг 5 жил болгосон нөхдүүдийг энэ ажлын хэсгээс гаргахыг шаардаж байна. Бүхнийг мэдэж байсан Ц.Нямдорж байнгын хорооны 7 цагийн хурлын яг энэ санал хураалт дээр картаа сугалсан. Учир мэдэхгүй хүүхдүүдээр хуулийг гууль болгосон. МАН гэмт хэрэгтнүүдээ зохион байгуулалттайгаар ялаас чөлөөлж байгаа. Цагдаа, Прокурор гэмт хэрэгтнүүдэд яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү явуулахад дээрх заалтын дагуу бүгд ялаас чөлөөлөгдөнө. Хууль буцаж үйлчлэхгүй" хэмээн байр сууриа ширүүхэн илэрхийлээд авсан. Гэвч эл хөөн хэлэлцэх хуулийн заалт хэрхэх нь энэ долоо хоногт багтаж шийдэгдсэнгүй.
УИХ-аас 2015 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн батлахдаа гэмт хэрэгтнийг олох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байхаар заасан. Гэтэл 2017 онд Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх явцад нэр бүхий гишүүдээс санал гарч, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” хэмээн засжээ. Энэхүү хуулийн заалтын өөрчлөлт нь өнөөдөр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст ял завших боломж олгож эхэлсэн. Тэгвэл хоёр жилийн өмнө уг хуулийг хэлэлцэж байх үед хэн юу хэлж байсныг эндээс уншина уу.
Монголын төрд албан тушаал хашиж байгаа хурган дарга наараасаа эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын авлигын хэрэг Монголоос хальж, дэлхийн дахины чихэнд хүрчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын авлигын талаарх мэдээлэл НҮБ-ын “чих”-эд хүрчээ.
Улс төрд халуун сэдвийн бай нь "Үндсэн хуулийн өөрчлөлт" болчихоод байгаа. Өдгөө яригдаад хэлэлцээд явж буй өөрчлөлтөөс өмнө 1999 онд эцэг хуульд гар хүрсэн. Үүнийг нь "дордуулсан долоон өөрчлөлт" хэмээдэг. Энэ талаар нийтлэлч Баабар ийн өгүүлжээ.
Ардчллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдийг олж шийтгэх асуудал өнөөдрийг хүртэл ээдрээ дагуулсаар байгаа юм. Түүний амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял авсан. Гэвч өдгөө тэд эрүүдэн шүүгдсэн хэмээгдэж Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар холбогдоод байгаа. Тэднийг гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл Б.Хурц нарын 9 хүн хуулийн хариуцлага хүлээхгүй байх хуулийн гаргалгаа байгаа аж. Энэ тухай эндээс
С.Баярт хариуцлага тооцох нь тодорхой болсон уу? гэдэг асуулт өнөөг хүртэл хариултгүй хэвээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийх айлчлалынхаа үеэр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзсан билээ.
Уулзалтын үеэр АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ хэмээсэн нь Монголын улс төрийнхэн хөдөлгөөнд орж эхлээд байгаа. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу
Холбоотой мэдээ:
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/
Зочин · 2019/08/09
Энд зураг нь гарч байгаа алуурчин хулгайч луйварчидын хөрөнгийг нь хураагаад яс 25 жил шоронд суулгаач эх орон ард түмэнээсээ урвасан хүн сүгнүүд шүү