Бидний ярьж заншсанаар "улс төрийн хэрүүл хэзээ дуусах юм бол доо". Болж бүтэхгүй байгаа бүхнээ улам л дэлгэн тавиад, ард түмнээсээ их хүндлэл биш гомдол цөхрөлийг хариуд нь аваад байгаа нь Монгол улсын төр бохир харагдах болсны хамгийн том шалтгаан.

Албан тушаал, эрх мэдлийн төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болсон хэмээн шүүмжлүүлдэг байсан цаг үе ард үлджээ. Өдгөө бол тэднийг "идэж ханахаа байсан луйварчид" л гэх. Цагтаа "төрийн минь сүлд өршөө" гэж сүүгээ өргөдөг байсан гэдэг. Харин одоо "бие биенээ шоронд хийсэн, худалч, хуурмаг бүхнээр дүүрэв. Хийж бүтээсэн ажлаа ярьж мэтгэлцэх биш хэрүүл, жагсаалын ажлын онцлон хийсээр байгааг ард түмэн хандтлаа харлаа. Хэзээ Засгийн газрын ажлынхаа үр дүнг танилцуулах вэ? 

Энэ долоо хоногт улс төрд "Засгийг газрыг огцруулах төлөвлөгөө" явагдаж буй талаар шуугиад авав. АН дотроо хагаралдаж, эвээ олохгүй л бүдчиж явна. МАН харин сөрөг хүчингүйгээр "үндсэн хуулийг өөрчлөлт"-ийг хийчих гээд үзэж тарж байна. Сөрөг хүчний дуу хоолой хүчтэй байх ёстой. Гэтэл тэд олонхи болсон намынхаа эсрэг дуугарахаар хийсэн жагсаал, цуглаанд "хайр найргүйгээр мөнгө цацсан" гэж олонхи болсон намынхан нь хэлэв.

 

-Н.Батсүмбэрэл: АН-ынхан жагсаалыг 40 сая төгрөгөөр хийдэг-

Энэ тухай Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “1990 онд хонхны дуунаар монгол хүний эрх чөлөө, арчиллын төлөө зүтгэж ирсэн АН өнөөдөр цөөхөн хэдхэн хулгайч, авлигач нарыг хамгаалдаг, хэдхэн хүнд үйлчилдэг болсон нь харамсалтай байна. Та бүхэн санаж байгаа бол 2012 онд АН-ынхан энэ улсыг удирдсан. 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг тэд 2016 онд хүлээлгэж, өгөхдөө хасах түвшинд хүргэж, төрийг самраад өгсөн. 

Монгол Улс дампуурлаа, бид дампуурах уу, яах уу гэж Ерөнхий сайд нь ярьж байсан. Энэ дампуурсан төрийг нь МАН хүлээж аваад өнөөдрийн энэ түвшинд хүргэж ирлээ. Энд нам дамжсан бүлэглэлийн эрх ашиг яригдаж байгаа. Тухайлбал, “Улаанбаатар банк”-ны захирал Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг хуулийн байгууллага хорьсон. Тэр банкнаас хамааралтай улс төрийн нам, улстөрчид амиа тавьж, харагдсан болгон руугаа дайрч байна. Намаас нь дэд сайд болж байсан улс төрийн сонгуульд өрсөлдөж байсан, өрсөлдөх гэж буй нөхдүүдийг ил гаргаж, улс төрийн жагсаал хийлгэж байгаа. Хэдхэн яамыг голлож байгааг та бүхэн харж байгаа. Эрүүл мэндийн яамыг голлож авлаа. 

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа гэж нөхөр байна. Хувьдаа эмнэлэгтэй энэ хүнд эрүүл мэндийн бодлогыг засч залруулах эрхийг ард түмэн өгсөн. Гэвч хэдэн сая төгрөгийн тендер хувьдаа авч, төрийн ажлыг хийгээгүйг салбарын сайд хэлсэн. Гадаад хэргийн яам руу маш их дайрлаа. Гадаад харилцааны яам ойрын үед хэд хэдэн дипломатуудыг эргүүлэн татаж байгаа юм билээ. Тэд бол Ц.Элбэгдоржийн хүмүүс бөгөөд сүлжээг бий болгосон байсан. Энэ сүлжээг нь тасалж байгаа учраас зөвлөх байсан хүн нь гадаа нь жагсаал хийж, амь тэмцэн сүлжээгээ хамгаалж байна. Хуульзүйн яам руу мөн их дайрлаа.  МАН сөрөг хүчин байхаас эхлээд Улаанбаатар банк, Эрдэнэт үйлдвэрийг хувьчилж авсан асуудлыг Ц.Нямдорж сайд байнга ярьсаар ирсэн. С.Зоригийн хэргийг ч та бүхэн мэдэж байгаа. Гэм зэмгүй хүмүүсийг хэдэн сараар тамлаж, хэрэгт хийснийг нь өөрчлөх гэсний төлөө Ц.Нямдорж сайд руу бүх чадлаараа бүлэглэл дайрч байна. Хуулийн байгууллагад бий болсон сүлжээг нь таслах гэсний төлөө тэмцэж байгаа юм” гэсэн юм. 

 

-Хариуцлага хүлээх сайд нь хэн бэ?-

Улс төрийн жагсаал, цуглаан бараг л өдөр алгасахгүй болж байна.  Тэдний гол бай нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал байлаа. Ялангуяа, Засгийн газрын хэд хэдэн сайдыг огцруулах жагсаал, акциуд нийгэмд өрнөж байгаа.  Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гээд асуултын тэмдэгтэй сайд нарын жагсаалт үргэлжилнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдоржийн хувьд хүүгээ Элчин сайдаар томилуулахаар улайрч буй гэх. 

 

-С.Эрдэнэ намынхаа гишүүдийг цагдаагаар дарамтлуулжээ-

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Дундговь аймагт намынхаа гишүүдтэй уулзалт  хийхээр очсон боловч хөөгдөж туугдан буцжээ. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтыг парламентад элч төлөөлөгчөөрөө сонгон илгээж байсан, ардчиллын үнэ цэнэ, шударга ёсны үнэлэмж, мэдрэмж өндөр Дундговьчууд Ардчилсан намын нэр хүндийг шороотой хутгаж буй С.Эрдэнийг уриа лоозон, шаардлага, эсэргүүцэл, шүүмжлэлтэй угтах нь зүй ёсны хэрэг. С.Эрдэнэ товлосон уулзалтаа хийлгүй буцсаныг эгэл жирийн гишүүд нь өөр зуураа “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгч боллоо хэмээн жиг жуг хийж байна. 

 

-Б.Батзориг эхнэртээ, Ч.Улаан эхнэрийнхээ дүүд…-

Найман сарын өмнө ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг толгойлж, УИХ-ын нэр бүхий гишүүд оролцсон “ЖДҮ-гийн хэрэг” мандаж байлаа.

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжиж ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй зээлдүүлэхээр “хэдхэн” төгрөг төсөвт суулгасныг төрийн түшээд хуваагаад авчихсан нь ил болсон юм.

“…Эзэн нь юмаа мэддэг” гэдэг шиг ЖДҮХС-гийн хөрөнгийг төрийн нэрийн өмнөөс зарцуулах эрхтэй ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг эхнэрийнхээ удирддаг “Тээвэр ачлал” ХК-иар 1.4 тэрбум төгрөг “гулгуулчихсан” байсан. Мөн дараахан нь түүнтэй холбоотой “Наму дэвжих” хэмээх компани ч гарч ирж байв. Харин бусад гишүүд 950 сая голдуу тэгшитгэсэн дүнтэй “зээл” авчихсан байдаг юм.

-H.Анхбаярыг элчин сайдаар томилохгүй бол Ц.Нямдорж Засгаас гарна гэжээ-

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хүүгээ Австрид элчингээр томилохгүй бол засгаас гарна, сайдын суудлаа өгнө гэж “туньжээ”. "Эрдэнэт" үйлдвэрт хэдэн тэрбумын шахаа хийсэн гэх дуулианд хүүгийнх нь нэр холбогдоход Н.Нямдорж сайд үрийнхээ өмнөөс утсаар ярих төдий зүй байлгүй яадаг юм гэсэн агуулгатай үг унагаж суусан. Тухайд үед нээрээ л тийм дээ, харин ч ил хэлчихлээ гэж зөвтгөж харсан хүн цөөнгүй байсан санагддаг. Гэтэл энэ удаа эрхэм сайд хүүгээ өндөр хөгжилтэй оронд элчингээр томилохын тулд төрийн сайдынхаа суудлаар шантааж хийжээ.

 

-Эрх баригчид төсвийн алдагдлыг Төв банкнаас мөнгө хэвлэх замаар санхүүжүүлэх үү?-

Манай улс 2020-2024 онд нийт 13.3 их наяд төгрийн гадаад өр төлнө. Энэ их өр төлбөрийг хэрхэн яаж барагдуулах вэ гэдэг бодлого одоогоор бүрхэг байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт 8.6 хувь, төлбөрийн тэнцэл  200 гаруй сая ам.долларын ашигтай гарсан ч үүнд нүүрс зэсийн үнэ өндөр нөлөөлсөн. Дээр нь ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан төсвийн сахилга бат сахисан зэрэг үзүүлэлтүүд үүнд хамаатай. Гэтэл төсөв, өрийн тогтвортой байдлыг хангахад энэхүү өсөлт дээр тулгуурлан бодлогын ямар дорвитой шийдвэрүүдийг гаргах вэ гэдэг нь хүлээлт хэвээр байна.