Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Шинэчлэлийн Засгийн газрын, ерөөс Монголын улс төрийн сонин, содон хүмүүсийн нэг.
Бөө болсон гэх түүний тухай Монголын улс төрийн хүрээнийхэн хүртэл таатай бус үгийг шуудхан өгүүлдэг.


Нийтлэлч Баабар түүнийг паталогийн асуудалтай эр хэмээсэн бол АН-ын ЕНБ дарга Ц.Оюундарь : "Зарим сайд нар шинжлэх ухаанч биш байгаа нь үнэн" хэмээн хатгаж байв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж харин Ерөнхий сайдад хандан : "Н.Алтанхуягаа, чи наад гал, тэнгэр ярьсан Н.Батбаяраа дагаад өөдтэй юманд хүрэхгүй шүү" гэж байсан юм.

Юутай ч сүүлийн үед Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хийж, хэлж буй зарим үйлдэл, үг олон нийтийн дунд дуулиан тариад байна.

Н.Батбаяр сайдын өгүүлж буйгаар экспортыг орлох нийт 888 төсөл шалгаруулах бөгөөд үүнийгээ Хятадын бэлгэдэл ёсоор баяжуулах тоо хэмээж, харин Ерөнхий сайд энэ тухай сайн мэдэхгүй байна гэж байв.

Мөн тэрээр Засгийн газрын 11-11 төвд ажиллах үеэрээ хэд хэдэн наргиантай үг хэлснийг тоймлон хүргэе.




-Компаниуд дампуураагүй, сайн явах санааных гэдэг юм, муу юм ярих нь битгий хэл бүү бод гэдэг. Яагаад гэвэл бодоод байхаар муу юмаа дуудаж байна гэж үздэг.  Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг сайн явъя гэж хүсч байгаа бол сайн юм бод. Та бүгдийн амьдрал сайн байх нь өөрөөс чинь хамаарна.


-Өргөн хэрэглээний барааны үнэн манайхаас бусад оронд маш  хэцүү байгаа ч бид харьцангуй зөөллөж авч яваа. Дэлхийн эдийн засаг таатай биш байгаа тул  түүнээс хамгаалах бие даасан бодлого явуулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр  эрчимтэй ажиллаж байна.

Өндөр байшин бариад байх биш амины орон сууцыг өөрсдөө баривал хямд тусна. Өртгийн хувьд хямд байдаг.


Монголчууд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлдэг. Сайн сайхан амьдрахын төлөө өөрсдөө сайн ажиллах ёстой. Засгийн газар бол банкуудын зээлийн хүүг бууруулах гэх мэт  ажлыг л хийнэ.

Намайг Хятадад очоод “Манай эдийн засгийн өсөлт 11.7% байна” гэхэд тэд нар  “Хөөх, та нар яаж чадаж байна” гэж байсан.  Хятадын өөрийнх нь  эдийн засгийн өсөлт дөнгөж 7.7% -тай байгаа.

Баклавраасаа цааш явахгүй нь гээд мастерт яваад байдгаа Монголын залуус болих хэрэгтэй... Олон диплом хэнд хэрэгтэй юм бэ? Би л гэхэд ганцхан сургууль төгссөн. Үлдсэн нь миний амьдралын сургууль


Яахав, манай төгрөгийн ханш унаж байгаа нь үнэн ч  хойтон жил төгрөг бий болсны 90 жилийн ой болох тул бүх зүйл сайхан болно.


Өндөр хөгжилтэй орнууд дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгож байна” гэсэн Энэтхэгийн төв банкны Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа.  

Монголчууд бид хамгийн баян улс, үүнийгээ мэддэггүй л гэхээс. Мөнгө бол асуудал биш, дэлхийд нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг улс нь хамгийн баянд тооцогддог жишиг байдаг юм шүү.