Өдрийн сурвалжлага: Эрүүгийн хуулиас мөрийтэй тоглохыг хассаны гор гарч байна
2019/09/26
Шинээр мөрлөж байгаа эрүүгийн хуулинд асар олон цоорхой байгаа талаар бид мэдээлсээр байгаа билээ. Тухайлбал шинээр мөрдөж байгаа Эрүүгийн хуулиас Мөрийтэй тоглох гэсэн хэсгийг авч хаяад Зөрчлийн хууль руу “чихсэн”. Ингэхдээ тоглодог хүмүүсийг нь эрхлүүлж хариуцлагаас чөлөөлж зөвхөн зохион байгуулагчийг нь торгоод л өнгөрдөг болсон.
Гэтэл энэхүү харалган заалтаас болж өнөөдөр мөрийтэй тоглогчдын тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр санхүүгээрээ хохирох иргэдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй болж байна.
Хуучин Эрүүгийн хуульд
243 дугаар зүйл. Мөрийтэй тоглох
243.1.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
243.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хууль
5.7 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эндээс үзэхэд мөрийтэй тоглосон хүнийг хариуцлагаас чөлөөлчихөж байгаа юм. Харин тоглоомын газрын эзнийг нь торгоод өнгөрнө. Тоглоомыг нь хураах эрх зүйн зохицуулалт байхгүй болохоор мөрийтэй тоглоомын газрын эзэн нь торгуулиа төлчихөөд дахиад л тоглоомын газраа ажиллуулна.
Цагдаа нар энэхүү хууль бу үйл ажиллагаатай удаа дараа тэмцдэг. Гэвч хууль нь ийм цоорхойтой учраас торгоод л өнгөрдөг байна. Үүнийг мөрийтэй тоглоомын газрынхан овжин ашигладаг. Дам дамаа давхар түрээслэн тухайн объектын эзний нэрийг ашигладаг байх магадлалтай юм.
Тухайлбал, тээврийн товчооны орчим ажиллаж байсан мөрийтэй тоглоомын газар өнгөрсөн жил 5 удаа, энэ жил 5 удаа тус тус торгуулсан байгаа юм. Тус газрын эзэн нь Ц.Түмэнжаргал гэх хүн Б.Гантулга гэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан бол, Б.Гантулга нь Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эхнэртэй нь гэрээ хийжээ. Өөрөөр хэлбэл Б.Гантулга гэгч хүн давхар түрээслүүлсэн нь ашиг хонжоо хайгчдад өгөөш болсон байгаа юм. Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын хувьд ингэж давхар түрээслүүлсэн болон тоглоомын газар ажиллаж байгаа эсэхийг ч мэдээгүй бөгөөд өөрийгөө шалгуулахаар ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтад хандсан байгаа юм. Асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаад Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай холбоотой эсэхийг тогтоох болно. Мөрийтэй тоглосон гэх уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байхад БГД-ийн 14-р хороонд мөн л ашиглагдахаа больсон газарт мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан байгаа юм.
Уг газарт Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалт хийсэн. Гаднаас нь харахад хүн байгаа эсэх нь мэдэгдэхгүй. Харин дотроосоо бол хэн орж, гарч байгааг нь камераар хянадаг. Улмаар цагдаа нарын ирж байгааг хараад хүмүүсээ гаргаж байгаад үйлдэл дээрээ баригдсан.
Тухайн тоглоомын газраар үйлчлүүлж байгаа этгээдүүдийн зарим нь цагдаагийн албан шаардлагыг биелүүлэхгүй, хүний эрх ярьж байв. Харин хэргийг шалгаж, цагдаагийн хэсэгт хүргэх үед л цагдаагийн шаардлагыг биелүүлж байгаа юм. Эрхээ мэдэж байгаа шигээ хуулиа мэдэж, цагдаагийн шаардлага биелүүлэх нь иргэний үүрэг. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж эхлээд байна.
Мөрийтэй тоглоом бол хүнийг донтуулж, эдийн засгийн хямралд хүргэдэг. Тэр хэмжээгээр төсөөлж, тоолж барашгүй асуудал, гэмт хэрэг өөх сөрөг хандлагатай байдаг.
Тиймээс хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, Засгийн газар УИХ-ын гишүүд мөрийтэй тоглоом тоглосон, зохион байгуулсан этгээдэд зөрчлийн биш эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог эрх зүйн зохицуулалтыг оруулж өгөх хэрэгтэй байна. Мөн тоглоом, тоног төхөөрөмжийг нь хураан авч, давтан мөрийтэй тоглосон болон зохион байгуулсан бол хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байгааг дуулгаж байна.
Зочин · 2019/09/27
Өө за нэг намтай төлөвлөгөөт эдийн засагтай тогтолцоондоо шилжиж амьдрийдаа. Зах зээлийн гэх фэзда тогтолцоо ч үүсэхгүй харыг үүсгэхийн зах зээлмбайсан цагт луйвар хулгай залилан тэр бүү хэл хүн хүнээ алах ч өарийнх нь бүтээл юм байна ш дээ
Зочин · 2019/09/26
Dandaa tsagdaaviin darga nariih bdag gej humuus yrih ym daaa
Зочин · 2019/09/26
Мөрийтэй тоглоомын автомат машиныг өөр зориулалтаар ашиглах боломжгүйгээс л хойш шууд хураан авдаг байх хэрэгтэй ш дээ. Хураахгүй байна гэдэг чинь цааш ашигла гэсэн л үг биз дээ.