Крымыг ОХУ-ын бүрэл­дэхүүнд орох шийдвэр гаргасантай холбоотойгоор манай улстөрчид ам уралдан байр сууриа илэрхийлж эхэллээ. “Крым ОХУ-д нэгдэж байгаа нь зөв” гэж ирээд л Засгийн газрын нэг сайд нь ярив. Үүнийх нь дараа Засгийн газрын тэргүүн нь “Нэг сайдын байр суурь бол Монгол Улсыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй” гээд л залруулж орхилоо. Өнгөрсөн өд­рүүдэд манай улстөрчид олон улсын асуудалд улсаа төлөөлөөд ч байгаа юм шиг, хувь хүнийхээ үүднээс яриад ч байгаа ч юм шиг сүржин мэдэгдлүүдийг хийсэн нь монголчуудыг үнэхээр хэ­лэх үггүй болгосон.

Монголын Энхтайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджаваас эхлээд Монгол Үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан хүртэл шүү дээ.
М.Энхсайхан мэдэгдэлдээ “Украинд болж байгаа үйл явдлыг тойрч олон улсын байдал сүүлийн үед эрс муудаж байгаатай холбогдуулан Монгол Үндэсний ардчилсан нам байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Крымын хойгт 2014 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болсон ард нийтийн референдумаар Крымын ард түмэн Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд сайн дураар эргэн нэгдэх үйл явц нь олон улсын хууль, дүрэм, журмын дагуу явагдлаа. Уг асуудлаас үүдэн их гүрнүүд зөрчилдөөнөө хурцатгах нь дэлхийн, бүс нутгийн улмаар Монгол Улсын эрх ашигт сөрөг нөлөөтэй хэмээн санаа зовинож байна” гэжээ. Крым, ОХУ-ын харьяанд орно уу, байна уу нэгэнт л ард иргэдийнх нь шийдэж байгаа асуудал байхад Монгол Үндэсний ардчилсан намынхан үүнийг шүүх ямар эрхтэй юм бэ. д ямар Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн асан Д.Загджав одоо тэргүүлж байгаа байгууллагынхаа нэрийн өмнөөс АНУ-ыг ОХУ-ын дотоод асуудалд орооцолдох хэрэггүй гэсэн утга бүхий мэдэгдлийг хэдийнэ хийгээд амжсан. Тэрбээр “ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Украины үндсэрхэг радикал үзэлтнүүд, хэт даврагсдыг ашиглан, ард түмний тайван жагсаал цуглааны нэрээр халхавчилсан барууны тусгай албадыг Украин улсын төр, засгийн эрхийг хууль бусаар хүчирхийллийн аргаар булаан авч, олон улсын харилцааны нийтлэг хэм хэмжээг зөрчин, дураараа авирлаж байгаа бурангуй үйлдлээ таслан зогсоож, Украины ард түмэнд өөрийн эх оронд, айх аюулгүй, амар амгалан амьдарч, ажиллах боломж олгохыг шаардаж байна” хэмээв.
Ноён Д.Загджав та Оросуудыг ах, эгч шиг ээ хүндэлдэг байж болно. Гэхдээ өөрийн үзэл бодлыг Монголын Энхтайван найрамдлын байгууллага гэдэг нэрийн дор илэрхийлж болохгүйг мэдэх учиртайсан.
Дээрх хоёр эрхэм иймэрхүү мэдэгдлийг дур мэдэн хийх эрхтэй субьект мөн үү гэж асуумаар байна. Аливаа асуудлаар улс төр хийж болно. Гэхдээ олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагах аль эсвэл Монгол Улсын байр суурийг илэрхийлж байгаа мэтээр ойлгогдох үйлдэл хийх нь улс төрийн соёл бус гэдгийг дээрх туршлагатай улстөрчид мэдэж баймаарсан. Үнэхээр л хэл нь тэгтлээ загатнаж, олон улсын байр байдлаар байр сууриа илэрхийлмээр байсан юм бол ядахдаа Гадаад харилцааны сайдаа энэ талаар байр сууриа илэрхийлсний дараа ам нээсэн бол арай л өөр харагдах байсан байх. Эсвэл тэр байгууллагын дарга, энэ нам гэсэн баган дор нуугдалгүйгээр иргэн Д.Загджав, М.Энхсайхан гээд л мэдээлэл хийчих ёстой байсан юм. Хүн хэчнээн ядарч байсан ч улс эх орныхоо нэр хүндийг барин иймэрхүү тоглолт хийх нь дотооддоо өөрсдийнх нь нэр хүндэд цаашлаад гадаадад улсынх нь нэр хүндэд муугаар нөлөөлнө гэдгийг бодолцож үзэх л хэрэгтэй мэт санагдаж байна. Өөрсдийгөө мартагдаагүй гэдгийг сануулах гэж оролдож болно. Гэхдээ аливаа асуудлын нарийн ширийнийг бодолцож баймаар юм гэдгийг дээрх жишээнээс улстөрчид маань олж харж, амьдралдаа хэрэгжүүлээсэй.

Share