Танилц: ЖДҮ-тэй холбоотой бас нэгэн НО
2020/01/02
Нийслэлийн ЗД-ын мөрийн хөтөлбөр болон жил бүрийн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр тодорхой зорилтуудыг тусгаж, НИТХТ-ийн 2014 оны 89 дүгээр тогтоолоор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, дэмжлэг үзүүлэх ЖДҮХС-г байгуулж, сангийн журмыг баталжээ.
ЖДҮХС-д 2014-2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 8 452.8 сая, зээлийн эргэн төлөлтийн орлогоос 269.1 сая, нийт 8 721.9 сая төгрөгийн эх үүсвэрийг НИТХ баталж, гүйцэтгэлээр 5 683.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Үүний хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 2015-2018 оны хөрөнгийн зарцуулалтад нийцлийн аудит хийсэн байна. Аудитын шалгалтаар санхүүжилт авсан ААН, иргэн "итгэл алдсан" тохиолдол гаргажээ. Тухайлбал,
“Фреш пок” ХХК нь 300.0 сая төгрөгийн зээлийг гахай үржүүлгийн чиглэлээр авсан, зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг хянаж үзэхэд худалдаж авсан гахайнууд мялзан өвчин тусаж устгалд орсон гэх боловч нотлох баримт хангалтгүй, зээлийн эргэн төлөлт хангалтгүй 96.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй, төлөвлөсөн үр дүндээ хүрч чадаагүй өнөөдрийн байдлаар зээлийн хугацаа дууссан, зээлдүүлэгч захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
“Маргад эрхи” ХХК нь 80.0 сая төгрөгийн зээлийг хаягдал шил боловсруулах,техник технологийг шинэчлэхэд зориулахаар авсан боловч зээлийн хэмжээ хүрэлцээгүй, зорьсон зорилгодоо хүрч чадаагүй, зээлийг хугацаанд төлж чадаагүй, 64.3 сая төгрөгийн үлдэгдэлтэй өнөөдрийн байдлаар зээлдэгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэн А.Туул 200.0 сая төгрөгийн зээлийг загас үржүүлэг, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж шинэчлэх зориулалтаар авсан боловч зорьсон зорилгодоо хүрч чадаагүй, загас үржүүлгийн ажил хийгдээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй, 161.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй зээлийг хугацаанд төлөөгүйгээс зээлдэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэн Б.Төмөрбаатар нь сүүний фермерийн чиглэлээр 350.0 сая төгрөгийн зээлийг авсан боловч ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн тоо нэмэгдсэн, сүүний борлуулалт муудсан зэргээс шалтгаалж зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрчээ.
“Партизаны хүүхдүүд хоршоо” 110.0 сая төгрөгийг эко ферм цогцолбор байгуулахаар зээл авч тэжээлийн үйлдвэр, машин тоног төхөөрөмжөө худалдан авсан ч дэд бүтцийн асуудлаа шийдэж чадахгүйгээс тэжээлийн үйлдвэр ашиглалтгүй байна. Түүвэрт хамрагдсан 33 иргэн, ААН төслийг хэрэгжүүлснээр 116 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч ажлын байр шинээр нэмэгдсэн эсэхийг нотлох боломжгүй, зарим иргэн, ААН-ийн үйл ажиллагаа зогссон байлаа.
Дээрх болон бусад шалтгааны улмаас ЖДҮДС-ийн үйл ажиллагаа нь 2014-2015 онд Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлтэй уялдаж байсан, харин 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар уг Сангийн зөвлөл хангалтгүй ажилласнаар үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон гэж аудитын байгууллагаас дүгнэсэн байна.
Зочин · 2020/01/02