14 дүгээр хороонд иргэдийн дөрвөн бүлэг байгуулагдлаа
2014/03/27
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Азийн сантай хамтран нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хороодод “Загвар хороо” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Загвар хороо гэдэг нь иргэд, хороо, дүүрэг, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, хог тээвэрлэгч байгууллага, аж ахуйн нэгж хоорондын идэвхтэй хамтын ажиллагаан дээр суурилан тухайн хорооны хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор үр дүнтэй системийг бүрдүүлж чадсан хороо байх юм. Тус загвар хороо төслийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хэрэгжүүлж эхлээд үйл ажиллагаагаа явуулж байна.
Төслийн хүрээнд Дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, 14 дүгээр хорооноос амьдарч байгаа хороо, гудамжаа хог хаягдалгүй, эрүүл, цэвэр байлгах ногоон байгууламж, сүүдрэвч, тоглоомын талбай гэх мэт бичил тохижилттой, тав тухтай орчныг бүрдүүлхэд иргэдийн оролцоог хангах, иргэдийн бүлэг байгуулах, иргэдийн бүлгийн ойлголт, ач холбогдол хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаарх сургалтыг “Байгальд ээлтэй хөршүүд” ТББ-тай хамтран хийлээ.
Сургалтанд хорооны иргэд идэвхтэй хамрагдаж гудамж, хэсгээрээ нийлэн иргэдийн бүлэг байгуулан ажиллах хүсэл эрмэлзэлтэй болж 4 иргэдийн бүлэг байгууллаа.
Иргэдийн бүлэг нь амьдарч байгаа орчноо өөрсдөө цэвэрлэх, хяналт тавих, бичил тохижилт хийх зэрэг үйл ажиллагааг явуулах бөгөөд төслийн нэгж, нийслэл, дүүргийн зүгээс зүгээс шаардлагатай санхүүжилт, дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллах юм.