Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар боллоо
2020/01/24
Сургууль, цэцэрлэгийг түр хаах асуудлаар Улсын онцгой комисс хуралдлаа. Хурлаар холбогдох албаныхан танилцуулга хийв. Улмаар онцгой комисс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэр гаргав. Уг шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг БСШУС-ын сайдад өглөө. Түүнчлэн хил хаах тухай саналыг Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд эцэслэн шийдээгүй байгаа билээ.
Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заах юм. Эм, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэгт шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Коронавируст халдварын нөхцөл байдал болон авч байгаа хариу арга хэмжээний талаархи албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яам тогтмол өгч байх юм. Харин олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг Улсын онцгой комисс иргэдэд уриаллаа. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15.00 цагийн байдлаар 844 хүн өвчилж 25 хүн нас барсан. БНХАУ-д 830, Макао, Хонконгод тус бүр хоёр, Тайвань, Сингапур, Япон, БНСУ, Непал, АНУ-д тус бүр нэг, Тайландын Вант Улсад дөрвөн хүн өвчилжээ. Халдвар хурдацтай тархаж байгаа бөгөөд мөн өдрийн 17.00 цагийн байдлаар өвчилсөн хүний тоо 887 болж нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.
Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд:
- Өвчлөл бүртгэгдсэн улсад зорчихгүй байх
- Зорчсон хүнд 14 хоногийн дотор өдөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт хандах
- Амны хаалт тогтмол зүүж хэвших
- Гараа тогтмол савандаж угаах
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах
- Бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх
- Дархлаа сайжруулах амин дэм хэрэглэхийг Эрүүл мэндийн яам зөвлөж байна.
Зочин · 2020/01/24