“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудад мөнгө угаах боломж хэн олгов-VIII
2020/03/04
Түрүүч нь: "Үндэсний шуудан" сонины №12 (3477), №13 (3478), №16 (3481), №23 (3487), №25 (3489), №31 (3495), №33 (3497)-дугаарт
В, С вирусийн шинжилгээг худлаа хийсэн лабораториуддаа хариуцлага тооцож чаддаггүй юм бол ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ та ажлаа өгнө үү
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, улмаар нас барсан билээ. Гэхдээ түүний нас барсан шалтгаан коронавирус бус, архагшиж удсан элэгний өвчин нь байсан. Тэрбээр БНСУ-д өвчнөө эмчлүүлэх гэж яваад эмнэлгээс халдвар авч, цаашлаад амиа алдах нөхцөл байдалд хүрсэн. Хэрэв манай эрүүл мэндийн салбар хангалттай чадамжтай, өвчтөнөө гэсэн бодлоготой, чанартай тоног төхөөрөмж, чадвартай эмчтэй байсан бол өнөөдөр тэр хүн амьд байх боломжтой байв.
Энэ мэт элэгний өвчлөлөөс болж нас барагсдын тоо манай улсад буурахгүй байгаа. Иймээс ч “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлсэн байдаг. Харамсалтай нь, В, С вирус тоолохоор ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан 28 лабораторийн 15 нь шалгалтаар шаардлага хангахгүй нь тогтоогдсон. Тухайлбал, “Хаппи веритас” лаборатори олон улсад оношилгоонд хэрэглэхийг хориглосон ABI 7000 төхөөрөмж ашиглаж байсан нь шалгалтаар илэрсэн. Гэтэл тэд анх гэрээ байгуулахдаа АНУ-ын Жене-Эксперт гэх бүрэн автомат аппарат ашиглана хэмээн материал бүрдүүлсэн байдаг. Мөн “Эн Ар Би” ХХК-ийн “Ай Ти” лаборатори л гэхэд мэргэжлийн эмчгүй, лабораторидоо ажилладаггүй эмчийг ажилладаг болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Харин “Итгэл” эрүүл мэндийн төв шаардлага хангахгүй тоног төхөөрөмж ашиглаад зогсохгүй түүнийгээ найман лабораторид тус бүр 70-100 сая төгрөгөөр нийлүүлсэн байгаа юм. Эндээс лабораторийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан, нэр бүхий хүмүүс нь лабораториудынхаа халаасанд оржээ гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, тэд лабораториудад ийм байдлаар эрүүл мэндийн салбараар дураараа дургих эрхийг нь олгожээ. Ийм баримт ч байна. Тэгвэл стандартын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж ашиглан, мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан эдгээр лабораторид хэн гэдэг эрх мэдэлтэн зөвшөөрөл олгосон бэ.
Ажлын хэсгийн дүгнэлт
Эх сурвалжийн мэдээллээр ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл технологийн газрын параклиник, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Долгион, ЭМДЕГ-ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баяндэлгэр, АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн удам зүй, молекул биологийн багш Т.Хосбаяр, ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны гепатит, энтервирусийн лабораторийн эрхлэгч Г.Сарангуа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын лаборатори хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа нарыг хардах үндэслэлтэй гэнэ. Тухайлбал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын лаборатори хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа “Ай Ти” лабораторид шалгалт хийж, зөвшөөрөл олгосон аж. Энэ шалгалтыг хийж, зөвшөөрөл өгсөн хүмүүст ЭМДЕГ шууд итгэн, В, С вирус тоолох лабораториудын гэрээг сунгадаг байжээ.
Түүнчлэн ЭМДЕГ-ын даргын тушаалаар 2018 онд В, С вирусийн шинжилгээ хийх лаборатори сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж, лабораториудыг үнэлгээнд оруулж, дахин гэрээ байгуулсан байдаг. Энэ ажлын хэсгийн ахлагчаар ЭМДЕГ-ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баяндэлгэр гэдэг хүн ажиллажээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд “Итгэл” эрүүл мэндийн төв болон тэднийхтэй хамаарал бүхий “Онкоген” (“Итгэл” эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Д.Гантулгын эхнэр М.Отгонцэцэг “Онкоген”, эхнэрийнх эгч “Гэгээн ар үр” лабораторийг ажиллуулдаг) лабораторийг “Чанарын гадаад үнэлгээний үр дүн байхгүй, ирүүлэх” гэж бичсэн хэрнээ 100 оноогоор дүгнэн, тэнцүүлсэн байгаа юм. Ажлын хэсгийн дарга эдгээр лаборатори чанарын гадаад үнэлгээний шалгалтад тэнцээгүйг мэдэж байсан хэрнээ тэнцүүлсэн байна. Энэ мэт шаардлага хангахгүй 15 лабораторийг ийн тэнцүүлсэн нь, шалгалтыг зохих журмын даагуу хийгээгүй нь өнөөдөр 90 мянган хүний шинжилгээний хариу зөв, буруу гэх маргаан үүсгэх эхлэл болсон юм. Хэрэв тэд анхнаасаа хяналт шалгалтаа найдвартай хийж, чанарын шаардлага хангаагүй, стандартад нийцсэн тоног төхөөрөмжгүй, мэргэжлийн эмчгүй лабораториудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, гэрээг сунгаагүй байсан бол өнөөдрийн ийм байдал бий болгохгүй, олон мянган иргэд эрүүл мэндээрээ хохирохгүй байх байлаа.
Түүнчлэн “Эн Ар Би” ХХК-ийн “Ай Ти” лаборатори дээр ажилласан ажлын хэсэг тус лабораторийн зохион байгуулалт, өрөө тасалгааны урсгал буруу, стандарт шаардлага хангахгүй, молекул биологийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжгүй, ийм төрлийн шинжилгээг нэг жилээс доошгүй хугацаанд хийсэн байх гэх мэт шаардлагыг хангаагүйг тогтоожээ. Мөн сорьцын мэдээлэл байхгүй, мэргэжлийн эмчгүй, урвалж бодисгүй байсан байна. Ийм үр дүн гарсныг “Ай Ти” лабораторийн захирал Ц.Наранбаяр ч хүлээн зөвшөөрчээ. Гэтэл Ажлын хэсгийн дарга Б.Баяндэлгэр тухайн үеийн ЭМДЕГ-ын даргадаа ажлаа танилцуулахдаа “Энэ лаборатори шаардлага хангаж байгаа” гэсэн мэдээллийг өгч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхийг нь сунгасан аж. Лабораторийн наад захын шаардлага бол мэргэжлийн эмчтэй байх. Гэтэл эмчгүй лабораторид зөвшөөрөл олгоно гэдэг эрүүл мэндийн салбар хэрхэн идээ бээрэндээ идэгдсэнийг, хэн мөнгөтэй, хэн дуртай нь тус салбараар “тоглож”, үйл ажиллагаа явуулах боломжтойг харуулж байна. “Ай Ти”-гийнхан энэ бүх зөрчлөө зассан гэсэн албан бичгийг хоёр ч удаа ЭМДЕГ-т ирүүлж, улмаар гэрээ байгуулсан байдаг. Хамгийн инээдтэй нь, хоёр дахь албан бичгээ 2018 оны есдүгээр сарын 13-нд өгөөд, маргааш нь буюу 14-нд гэрээ байгуулжээ. Өнөөдөр өгсөн албан бичгийн хариу маргааш ирэх нь Монголд өдрийн од шиг ховор. Харин “Ай Ти” лаборатори ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчлөө засаагүй нь ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний өнгөрсөн оны зургадугаар сарын шалгалтаар ил болсон юм. Эндээс Б.Баяндэлгэр гэх энэ эрхмийг хахууль авсан гэж хардах үндэслэл гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, чанарын шаардлага хангахгүй эдгээр лабораторид үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгсөн ажлын хэсгийнхэн, ажлын хэсгийн дарга Б.Баяндэлгэр энэ бүхний хамгийн том буруутан юм.
Ажлын хэсгийн "Ай Ти" лабораторид ажилласан тэмдэглэл
"Итгэл" төвийг гадаад чанарын үнэлгээгээ ирүүлээгүй гэсэн хэрнээтэнцүүлжээ
2018 оны сонгон шалгаруулалтад оролцсон лабораториудын үнэлгээ
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
bat · 2020/03/04
2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард түмэн хожноо