Найз бүсгүйгээ цонхоор шидсэн гэх О.Боргилын шүүх хурал тав хоног завсарлав
2020/03/12
Өнгөрөгч оны 04-р сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж амиа алдсан. Талийгаачийг амиа хорлосон уу, цонхоор шидсэн үү гэдэг нь эргэлзээтэй байдаг бөгөөд энэ хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргилыг буруутган шалгасан.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу 2020.03.11-ны өдөр хэлэлцлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт О.Боргилыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал нөхөн төлөх талаар санал гаргаж, шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасан.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно.” гэснийг баримтлан шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар завсарлууллаа.
Түүнчлэн шүүгдэгч О.Боргилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.